Д.Алтангэрэл: Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн эх орны өнцөг булан бүрт хүрдэг

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-05-30 12:22:21

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын үйлдвэрийн дүүрэгт цахилгаан эрчим хүчний төмөр бетон тулгуурын үйлдвэрлэл эрхэлдэг “Си Эн Пи Ай” ХХК-ийн захирал Д.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Компаниа хэзээ байгуулав? Ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Манай компани 2011 онд Дархан хотын үйлдвэрийн дүүрэгт төмөр бетон тулгуурын үйлдвэрийг байгуулж 2012 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. 04, 06, 10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд хэрэглэгддэг 9, 10, 12, 15, 18 метрийн конусан бетон шонг үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрлэл маань жигдрээд явж байна.

-Үйлдвэрлэлийн түүхий эдийг хаанаас авдаг вэ? Түүхий эд гэхээр мэдээж элс хайрга орно байх. Өөрийн гэсэн ордтой юу?

-Бүх түүхий эд элс, хайрга, ус зэргийг орон нутгаасаа авч байгаа бол цементээ Хөтөлийн цементийн үйлдвэр, МАК компаниас авдаг. Анх манай үйлдвэр байгуулагдаж байх үед ганцхан Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ажиллаж байсан тэр үед цементийн олдоц ховор учраас Хятад улсаас бас цемент авдаг байлаа. Гэтэл одоо Монгол улс маань цементийн хэд хэдэн үйлдвэртэй болчихлоо. Харин манай үйлдвэрийн бүтээгдэхүүний хамгийн гол араг яс гэж хэлж болох гантай арматурыг л Хятад улсаас авч бусдыг нь орон нутгаасаа авч байна.

-Танай үйлдвэр чинь бүтэн автомат уу, хагас автомат уу, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадал хэр вэ, техник хэрэгслийн хангалт хүрэлцээтэй юу?

-Манай үйлдвэр төвөөс зугатах хүчний үйлчлэлээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Цилиндр, конусан гол нь хөндий бетон шон хийдэг учраас технологи нь арай өөр л дөө. Эргэлдүүлээд бэхжүүлээд ууранд чанана, энэ нь бетоны бэхжилтийг улам бүр бат бэх болгож байгаа хэрэг. Дараа нь технологийн дагуу хооронд нь зайтай давхраатай хураана, усална гэх зэргээр хийдэг.

-Дүүргэгч материалаа хаанаас авдаг вэ? Бүтээгдэхүүнээ хаана хаана яаж борлуулж байна вэ?

-Дарханаасаа “Сонголон Хайрхан”, “Түшиг Уул”, “Идэр Хайрхан” зэрэг карерийн компаниудаас авдаг. Бүтээгдэхүүний борлуулалтын хувьд гэвэл Монгол эх орон даяар л борлогдож байгаа даа. Төрийн өмчит компаниудаас “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх ТӨХК”, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх ХК” гээд хойд бүс рүүгээ өгч байна. Учир нь манайхаас өөр ийм тулгуурын үйлдвэр энэ хавьд байдаггүй. Түүнчлэн Хөвсгөл, урагшаагаа “Багануур зүүн бүсийн цахилгаан түгээх ТӨХК”-д өгдөг. Ганцхан Баян-Өлгий аймгаас бусад аймагт манай бүтээгдэхүүн очиж байгаа.

-Энэ бүтээгдэхүүнийг захиалгаар хийдэг үү? Захиалгаар үйлдвэрлэлээ гэхэд худалдан авагчид өөрсдийн унаагаар авах уу, танайх өөрсдөө хүргэж өгөх үү?

-Худалдан авагч байгууллагууд өөрсдийн унаагаар ирж авдаг. Гэхдээ манай бүтээгдэхүүнийг тээвэрлэн хүргэж өгдөг албан бус тээврийн хэрэгслийн жолооч нар олон байдаг. Тэд захиалагч байгууллагуудтай байнгын холбоотой юм байна лээ.

-Үйлдвэрлэл эрхлээд мэдээж хэрэг арваад жил болчихлоо. Үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ бүтээгдэхүүн нэмж гаргах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, цаашид улам бүр өргөжүүлэх талаар ямар төлөвлөлт зорилт байна вэ?

-Бид үйлдвэрлэлээ анх эхэлсэн жилээсээ л үйлдвэрийнхээ технологи, хүчин чадлыг нэмэх гэх мэт бүх юмаа цаг үетэйгээ хөлөө нийлүүлнэ гэдэг шиг бага багаар шинэчилж ахиулаад л явж байна. Яваандаа бүрэн автоматжуулах чиглэлийг бариад ажиллаж байна. Ирэх жил манай үйлдвэрийн арван жилийн ой болно. Ойгоо бид бас ажил хөдөлмөрийн амжилтаар угтахаар төлөвлөөд явж байна. Анх бид ердөө 9, 12 гэсэн хоёрхон төрлийн тулгуур л хийж байсан бол одоо таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хажуугаар нь бас явган хүний замын хавтан, боржуур, модон шонгийн бетонон хөл зэргийг захиалгаар үйлдвэрлэн борлуулдаг болсон. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Барилга архитектур корпорациас жил бүр ирж шалгана, туршина тэгээд тохирлын гэрчилгээ олгодог. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн цахилгаан эрчим хүчийг орон даяар найдвартай түгээн хүргэхэд зохих хувь нэмэр оруулж байгаад баяртай байдаг. Тиймээс бид бүтээгдэхүүнийхээ чанарт байнгын анхаарал тавьж чанар стандартдаа дотоодын хатуу хяналт тавьж зах зээлд нийлүүлдэг.

-Үйлдвэрийн дамжлагаас гарч байгаа бүтээгдэхүүнийг агуулахдаа төрөлжүүлэн байрлуулж хураасан харагдаж байна. Ийм их урт бас тэгээд нэлээд хүнд жинтэй байх, ямар техникээр хурааж байрлуулдаг юм бэ?

-Ерөөсөө л кран шүү дээ. Хамгийн бага есөн метр урттай ганц шон гэхэд л 600 кг жинтэй байдаг. Тэгээд 12 метртэй нь гэхэд нэг тонн хоёр зуу, 18 метртэй нь нэг тонн найман зуун кило байх жишээтэй.

-Ажиллаад нэлээд хугацаа өнгөрчээ. Ажиллах хүчний тогтвор суурьшил ямар байдаг вэ? Тэдгээрийн мэргэжлийн ур чадвар хэр зэрэг өсч байна вэ, Нэлээд туршлагатай болсон биз дээ?

-Ажиллах хүчний тогтвортой байдлыг хангахын тулд бүүр анхнаасаа их бодлоготой авч явсан юм. Үйлдвэрийн технологич инженер, механик инженер хоёрыг манай үйлдвэр анх барьж байх үед сургууль төгсөж байсан хүүхдүүдийг аваад яг адилхан үйлдвэр дээр БНХАУ-д дадлага хийлгээд үйлдвэрийн барилга байшин, тоног төхөөрөмжийн угсралтын ажлаа дуусгаад ажилд авч одоо хүртэл ажиллаж байна.

Бусад хэвлэгч, кранчин, өргөгч, туслах ажилчдыг орон нутгаасаа авсан. Тэднийгээ яаж ингэж тогтоож байна вэ гэвэл манайх чинь жил бүрийн гуравдугаар сарын дундаас 11 дүгээр сар хүртэл ажиллаад бараг таван сар үйлдвэр сул зогсдог. Ингэж сул зогсолтын үед нь үйлдвэрээс цалинг нь өгөөд та нар энэ хугацаанд өөр ажил хийж болно гээд явуулдаг. Харин хавар үйлдвэрийн ажил эхлэхэд бэлэн байх ёстой гэж хэлдэг. Тэгээд ажлын хувцас хөдөлмөр хамгаалын багаж хэрэгслээр бүрэн хангадаг. Гэрээсээ хол ажилладаг болохоор үйлдвэрээс хоол ундыг нь даадаг. Өглөө эрт ажил эхэлдэг болохоор өглөөний цайнаас авахуулаад өдөрт таван удаа хоол, унд өгдөг. Нийгмийн асуудалд нь ч гэсэн анхаарал тавьдаг. Орон сууц, хашаа байшин, автомашин авахад нь хүүгүй зээл өгч, амьдрал ахуйд нь жаргал, зовлон тохиолдвол дотоод журмынхаа дагуу тэтгэлэг тусламж үзүүлж байгаа. Ажилчид маань тогтвор суурьшилтай найдвартай ажиллаж байгаад үйлдвэр удирдаж яваа хүний хувьд хамт олондоо талархаж явдаг даа.

-Аль ч үйлдвэр байгууллага орон нутагтаа нийгмийн хариуцлагын хүрээнд ямар нэгэн байдлаар үүрэг хүлээж хувь нэмрээ оруулдаг аа. Хуулийн дагуу татвараа цаг хугацаанд нь төлдөг үү, Танайх аймаг орон нутагтайгаа хэр зэрэг холбоотой байдаг вэ, бодитой ямар ажил хийж байна вэ?

-Бид орон нутагтаа газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн төлбөр, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгж, НӨАТ гээд бүгдийг нь цаг тухайд нь төлөөд явж байна. Орон нутагтаа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, аймаг, сумын захиргаанаас зохион байгуулж байгаа ажил болон манай үйлдвэрийн байрлаж байгаа газрыг харьяалдаг баг зэрэгтэй байнгын холбоотой хамтарч ажилладаг. Хамгийн наад зах нь л гэхэд хэдхэн хоногийн өмнө эхэлсэн Дархан хотын Анагаахын тойргоос үйлдвэрийн гурван замын уулзвар хүртэлх 12 км замын бүтээн байгуулалтад манай компани 20 сая төгрөгийн хандив дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллаж байна.

-Танайх одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ хаана хаана нийлүүлж байна вэ? Захиалгатай бол хаанахын ямар газрын захиалгаар хийж байна вэ?

-Сая үйлдвэр ажиллаж эхлэнгүүт Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх,, Багануур зүүн бүсийн цахилгаан түгээхийн тулгуур нийлүүлэх тендерт оролцож шалгараад тэдгээрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр ням гарагаас бусад өдөрт нь шахуухан ажиллаж байна.  

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ