Грек гадаадын жуулчдад хилээ нээнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-05-30 12:28:43

АФИН. /BBC/. Грек ирэх хоёр долоо хоногт 29 орны жуулчдад хилээ нээхээр болжээ. Энэхүү шийдвэрийн дагуу зургадугаар сарын 15-наас Герман, Австри, Дани, Финланд зэрэг Европын Холбооны /ЕХ/ орнуудын жуулчдыг хүлээн авч эхэлнэ.


Харин халдвар хамгийн их тархсан Их Британи, Франц, Итали, Испани зэрэг орныг уг жагсаалтад оруулаагүй байна. Грекийн Аялал жуулчлалын яамны мэдээлснээр, жуулчин хүлээн авах орнуудын жагсаалтыг долдугаар сарын 1-нээс өмнө дахин өргөтгөхөөр төлөвлөж байгаа ажээ.


Зургадугаар сарын 15-наас зөвхөн Афин, Салоники хотын нисэх буудлыг нээж, ЕХ-ны 16 орны жуулчдыг хүлээн авах бөгөөд үүнд Чех, Балтын орнууд, Кипр, Мальта орно. Мөн Хятад, Япон, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, Израил, Ливан зэрэг орны жуулчдыг хүлээн авч эхлэх юм байна.


Грекийн эрх баригчид гуравдугаар сарын эхнээс буюу бусад орноос харьцангуй эрт хөл хорио тогтоосон бөгөөд тус улсад халдварын 2900 гаруй тохиолдол бүртгэгдэж, 175 хүн нас баржээ. Түүнчлэн тус улсын арлуудын дийлэнхэд халдварын тохиолдол бүртгэгдээгүй ажээ. 

Холбоотой мэдээ