БНАСАУ Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулах шийдвэрийг дэмжжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-05-30 20:23:18

ПЁНЬЯН. /Xinhua/. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл боловсруулах шийдвэрийг бүрэн дэмжиж байгаагаа БНАСАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжиллаа.


“БНХАУ Үндсэн хууль болон Хонконгийн хууль тогтоомжид үндэслэн засаг захиргааны онцгой бүсийнхээ аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд хууль зүйн тогтолцоо, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгож, сайжруулах шийдвэр гаргасан нь хууль ёсны алхам юм” гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.


“БНХАУ-ын нам, Засгийн газар нэг улс-хоёр систем бодлогодоо тулгуурлан бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалж, Хонконгт тогтвортой хийгээд хөгжин цэцэглэсэн нийгмийг цогцлоохын төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг бид бүрэн дэмжиж байна” гэж тэрбээр хэлжээ.  


Хонконгт сүүлийн жилүүдэд нэг улс-хоёр систем болон Хятадын аюулгүй байдалд заналхийлсэн хүнд нөхцөл байдал бий болсон гэдгийг хэвлэлийн төлөөлөгч дурдаад, Хонконгийн асуудал бол Хятадын дотоод хэрэг тул энэ талаар үг хэлэх эрх аль ч улс оронд байхгүй гэж нэмж хэлсэн байна.


БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын гуравдугаар чуулганы үеэр Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг баталсан юм. 

Холбоотой мэдээ