Энэтхэгт халдварын тохиолдол нэмэгдэж байгааг үл харгалзан хөл хориог нэмж сулруулна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-05-31 11:42:50

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгт бямба гарагт коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн хэдий ч тус улсын эрх баригчид орон даяар тогтоосон хатуу хөл хориог нэмж сулруулах төлөвлөгөөг танилцуулжээ.


Хөл хориог сулруулах гурван шатлалт төлөвлөгөөний эхний үе шатны хүрээнд зургадугаар сарын 8-наас олон бүс нутаг дахь зоогийн газар, зочид буудал, худалдааны төв, мөргөлийн газруудыг нээнэ. Түүнчлэн долдугаар сараас сургууль, коллежуудыг нээж магадгүй байна.


Гэсэн хэдий ч халдвар хамгийн их тархсан бүс нутгуудад хатуу хөл хорио тогтоосон хэвээр байх ажээ. Энэтхэгт халдварын 174500 тохиолдол бүртгэгдэж, 5000 орчим хүн нас баржээ. 1.3 орчим тэрбум хүн амтай тус улсыг бусад оронтой харьцуулахад халдварын харьцангуй цөөн тохиолдол бүртгэгджээ.


Энэтхэгт халдварын олон зуун тохиолдол бүртгэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор хоёр сар гаруйн өмнөөс хатуу хөл хорио тогтоосон юм. Албан ёсны мэдээллүүдээс үзэхэд хөл хорио тогтоосноор 37-78 мянган хүний амь насыг аварсан боловч эдийн засагт ихээхэн нөлөөллийг үзүүлсэн байна.


Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, халдварын ихэнх тохиолдол хот орчмын бүсүүдэд бүртгэгдсэн тул олон бүс нутагт хөл хориог нэмж сулруулах боломжтой ажээ.


Энэтхэгт нийт эмчлүүлж буй тохиолдлын 80 гаруй хувь нь Махараштра, Тамилнад, Дели зэрэг таван мужид бүртгэгдсэн бөгөөд тэдгээр тохиолдлын 60 хувь нь Мумбай, Дели, Ахмедабад зэрэг таван хотод илэрснийг албан ёсны мэдээлэл харуулжээ.


Гурван шатлалт төлөвлөгөөний тухайд

  • Зургадугаар сарын 8-наас худалдааны төв, мөргөлийн газар, зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүдийг нээнэ.
  • Сургууль, коллежуудыг нээх шийдвэрийг мужуудын эрх баригчидтай зөвлөлдсөний дараа гаргах бөгөөд долдугаар сараас нээж магадгүй ажээ.  
  • Олон улсын аялал, метроны үйлчилгээ, кинотеатр, спортын тэмцээн, бялдаржуулах төвүүдийг гуравдугаар үе шатанд нээх бөгөөд тодорхой хугацааг хараахан тогтоогоогүй байна.
  • Шөнийн цагаар хөл хорио тогтоосон хэвээр байх боловч хугацааг нь хоёр цагаар богиносгоно.
  • Эдгээр арга хэмжээ нь халдварын тархах эрсдэл өндөр байгаа “хязгаарлах бүсэд” хамааралгүй юм байна. 
Холбоотой мэдээ