Их Британи Йеменд тусламж үзүүлнэ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-02 12:26:09

ЛОНДОН. /РИА Новости/. Коронавирусний цар тахалтай тэмцэх, хүмүүнлэгийн хямралыг даван туулахад нь зориулж Их Британи Йеменд 160 сая фунт стерлингийн тусламж үзүүлнэ гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгджээ.  


“Их Британиас үзүүлж буй энэхүү тусламжийн багц нь коронавирусний халдварын аюул учраад буй Йеменийн хэдэн мянган оршин суугчдын хувьд үхэл, амьдралыг шийдэх чухал асуудал болох юм. Бидний үзүүлж буй дэмжлэг нь гэр бүлүүдийг хоол хүнс, цэвэр усаар хангах, эмнэлгийн тусламж авахад нь тус болно” гэж Д. Рааб мэдэгдсэн байна.


Цар тахал дэгдэхийн өмнө Йемен хүмүүнлэгийн хамгийн хүнд хямралыг туулж, хүн амынх нь 80 гаруй хувьд нь ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй байсныг Их Британийн ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.


Энэхүү тусламжийн багц нь 12 мянган эмнэлгийн ажилтныг бэлтгэж, 4 мянга гаруй эмнэлгийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжийг олгох аж. 


Йеменд “COVID-19”-өөр  халдварласан тохиолдлын бодит тоо илүү өндөр байж магадгүй бөгөөд халдварын дэгдэлт бусад оронтой харьцуулахад илүү ноцтой байж магадгүй юм гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газрын төлөөлөгч Йенс Лерке мэдэгджээ. Йеменд нөхцөл байдал гамшгийн байдалд байна гэж тэрбээр хэлсэн байна. 


Йеменд Засгийн газар болон шиит шашинтнуудын “Ансар Аллах” хөдөлгөөний босогч-хуситуудын хооронд болж буй мөргөлдөөн 2014 оноос хойш үргэлжилж байгаа юм. Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын цэргийн эвсэл 2015 оны гуравдугаар сараас хойш Йемений Засгийн газрын талд зогсож байгаа. Йемений сөргөлдөгч талууд 2018 оны 12 дугаар сард анх удаа НҮБ-ын ивээл дор зохион байгуулагдсан яриа хэлэлцээнд оролцсон юм. Энэ үеэр талууд Улаан тэнгисийн эргийн боомт хот болох Ходейдад гал зогсоож НҮБ-ын хяналтад өгөх, олзлогсдыг солилцох зэрэг хэд хэдэн чухал асуудлаар тохиролцоонд хүрч чадсан юм. 

Холбоотой мэдээ