Сэлэнгэ, Хутаг-Өндөрөөс бусад суманд газрын гарц тодорхойлох хэмжээнд хүрээгүй байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-06-03 11:12:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутгаар энэ сарын эхний байдлаар ургамал 1-5 см өндөр ургасан байна. Нэг га талбайд Хутаг-Өндөр суманд 2.1, Сэлэнгэ суманд 0.1 центнер ургацтай, бусад суманд ургац тодорхойлох хэмжээнд хүрээгүй байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн технологи инженер Д.Энхээ мэдээллээ.

Энэ жилийн газрын гарц Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Орхон, Хангал суманд сайн, Бүрэгхангай сумын нутагт муу бусад нутгаар дунд үнэлгээтэй байна.

Өнгөрсөн сард нийт нутгаар 7-21 удаа 5.6-36.1 мм хур тунадас оржээ. Хур тунадасны хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулбал хангайн бүсийн сумдын нутгаар их, Гурванбулаг, Баян-Агт, Бүрэгхангай, Рашаант сумын нутгаар дундаж орчим, бусад сум буюу өмнөд зүгийн тал хээрийн нутгаар бага тунадас унасан байна. Энэ сард тус аймгийн ихэнх нутгаар таван удаа бороо орох цаг агаарын урьдчилсан төлөв гарсан бөгөөд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн, сүүл үеэр хур тунадастай байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ