“Монгол Улсын хосгүй үнэт үзмэрийн дээжис” каталог гаргажээ

Монголын мэдээ | Соёл урлаг
ulzii@montsame.mn
2020-06-03 19:35:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны эрдэнэсийн сан болон манай улсын музей, номын сан, зарим сүм хийд, хувь хүмүүсийн цуглуулгад байгаа хосгүй гайхамшигт ховор нандин дурсгалт эд зүйлсийг нэгтгэн “Монгол Улсын хосгүй үнэт үзмэрийн дээжис” каталог гаргажээ.


Монголбанк хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийн дагуу монголчуудын соёлын үнэт зүйлсийг судалж шинжлэх, баяжуулах, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран тус каталогийг олон түмэнд өргөн барьж байна.


Монгол Улсад 2015 оны байдлаар хосгүй үнэт бүтээлийн гэрчилгээ авсан 770 ширхэг үзмэр байдгаас уг каталогт археологийн судалгаагаар илэрсэн, түүхийн олон үед холбогдох ховор олдворууд, буддын шашны нарийн ур хийцтэй бурхан шүтээний зүйлс орсон юм. Мөн угсаатан ястны ахуй соёлыг илэрхийлэх төрөл бүрийн үнэт дурсгалт зүйлс болон түүхэн бие хүний холбогдолтой нэн ховор 307 ширхэг бүтээл, дурсгалыг дээжлэн гэрэл зураг, товч тайлбартайгаар тус каталогт оруулжээ.


Энэхүү бүтээл нь Эрдэнэсийн сангаас эрхлэн гаргаж буй зургаа дахь бүтээл бөгөөд анх удаа өмчийн хэлбэр харгалзахгүй монголчуудын соёлын өвд хамаарах түүх, соёлын ховор нандин, хосгүй гайхамшигт дурсгалт зүйлсийн гэрэл зургийг цуглуулж, нэгтгэн хэвлүүлсэн гэдгээрээ онцлог юм.

Холбоотой мэдээ