"Номгон" сургуулийн өргөтгөл ирэх онд ашиглалтад орно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-06-04 11:08:36
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн "Номгон" ахлах сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол боллоо.
Тус сургуулийн нээлтийн шав тавих ёслолын үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, тус сургуулийг удирдаж байсан үе үеийн удирдлага болон багш хамт олон, барилгыг барьж гүйцэтгэх Б.Дагвабазар захиралтай “Эх бүрдэн” ХХК-ийн ажилчид оролцов.
150 гаруй багш ажилчин, 2500 гаруй сурагчтай "Номгон" ахлах сургуулийнхан хичээлийн нэгдүгээр байрандаа сурагчдаа багтаах боломжгүй болсон тул хичээл сургалтын үйл ажиллагааг хоёр тусдаа байранд хувааж явуулдаг байна. Одоо бага сургууль хичээллэж байгаа байрны хувьд хичээлийн зориулалтын байр биш, зай талбай давчуу, үдийн цай, хоол өгөхөд зориулалтын гал тогоогүй зэргээр хүндрэлтэй асуудлууд олноор тулгараад байсан юм. Тус сургуулийн өргөтгөл нь гурван давхар барилга байх бөгөөд спорт, урлагийн заал зэргээр хүүхдийн сурах орчин нөхцөлийг цөм утгаараа зураг төсөвт тусгаж өгчээ.
Өргөтгөлийн байр ашиглалтад орсноор тус сургууль хичээл сургалтын үйл ажиллагаагаа нэг дор явуулах, улмаар хүүхэд багачууд зориулалтын байранд сурч хөгжих боломжоор хангагдах юм.
"Номгон" ахлах сургуулийн өргөтгөлийн барилгыг орон нутгийн "Эх бүрдэн" ХХК барьж гүйцэтгэх ба зураг төсвийн дагуу 2021 оны наймдугаар сард ашиглалтад оруулах юм байна.
Холбоотой мэдээ