Вакцины асуудлаарх цахим дээд хэмжээний уулзалт болно

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-06-04 10:52:08

ЛОНДОН. /TASS/. Өнөөдөр Их Британид цахим хэлбэрээр зохион байгуулах Дэлхийн вакцины асуудлаарх гуравдугаар дээд хэмжээний уулзалтад 35 улсын төрийн тэргүүн нар оролцоно. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоог /GAVI/ 2021-2025 онд санхүүжүүлэх хөрөнгө мөнгө босгох боловч “COVID-19” цар тахалтай холбоотойгоор энэ жил дээд хэмжээний уулзалтад онцгой анхаарал хандуулж байна.


Энэ удаагийн уулзалтын гол зорилго нь “COVID-19”-ийн вакциныг бүх нийтэд хүртээмжтэй байлгахын тулд “GAVI”-д шаардлагатай нөөц бололцоог дайчлах юм гэж дэлхийн 50 улс орон, байгууллагын төлөөлөгчид оролцохоор төлөвлөж буй чуулга уулзалтын өмнөх өдөр ОХУ дахь Их Британийн Элчин сайдын яам мэдээлжээ. 


Дээд хэмжээний уулзалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина, Буркина Фасо улсын Ерөнхийлөгч Рок Марк Кристиан Каборе, Этиопын төрийн тэргүүн Сахле-Ворк Зевде, “GAVI”-ийн ивээн тэтгэгч Билл Гейтс нар үг хэлэх юм. Мөн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко оролцохоор төлөвлөж байна.


Бүгд хамтдаа

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон дээд хэмжээний уулзалтын өмнөхөн олон улсад хандан зургаан сая гаруй хүн халдварлаж, 370 мянган хүн нас барсан коронавирусний цар тахалтай тэмцэхэд хамтран ажиллахыг уриалжээ.


"Хүн төрөлхтөн энэ өвчний эсрэг тэмцэлд нэгдэх цаг нь болжээ" гэж Жонсон лхагва гарагт болсон өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. "Хэрэв коронавирусний халдвар хөгжиж буй орнуудад үргэлжлэн тархсаар байвал Их Британийг хамарсан халдварын шинэ давлагаанд хүргэж болзошгүй" гэж тэрбээр эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдээллээс иш татан анхааруулав.


Их Британи "коронавирусний вакциныг гарган авах олон улсын хүчин чармайлтын хамгийн том хандивлагч" төдийгүй “"GAVI”-ийн тэргүүлэгч хандивлагч" юм гэж уулзалтыг нээж хэлэх Жонсоны үгэнд дурджээ. Түүний хэлэх үгийг тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэлийн албанаас нийтэлсэн байна. Их Британи таван жилийн хугацаанд "GAVI”-ийн хэрэгцээнд зориулж, 1.65 тэрбум фунт стерлинг /2.07 тэрбум ам.доллар/ шилжүүлэх аж.


“GAVI”-ийн 2016-2020 оны үйл ажиллагаанд хөрөнгө мөнгө босгож байсан өмнөх дээд хэмжээний уулзалт 2015 оны нэгдүгээр сард Берлинд болжээ. Тус холбооны цахим хуудсанд мэдээлснээр, удахгүй болох уулзалтын гол зорилго нь ирээдүй хойч үеийг вакцины тусламжтайгаар хамгаалахын тулд, мөн эмийн хүртээмжийн хувьд улс орнуудын хоорондын тэгш бус байдлыг багасгах зорилгоор “дор хаяж 7.4 тэрбум ам.доллар цуглуулах юм”. Ирланд, Испани, Итали, Норвеги, Финланд, Япон, түүнчлэн Билл, Мелинда Гейтс сангаас GAVI-д нийтдээ 1.36 тэрбум доллар хуваарилна гэдгээ тавдугаар сард мэдээлжээ. Босгосон мөнгийг 68 орны 300 сая хүүхдэд улаан бурхан, томуу, полиомиелит, болон бусад өвчний вакцин хийхэд зарцуулна.


“GAVI” мөн чуулганд оролцогчдод хандан гарган авсных нь дараа ядуу улс орнууд шинэ төрлийн коронавирусний вакциныг шаардлагатай тунгаар авах баталгаа олгох олон улсын санхүүгийн механизмыг бий болгохыг уриалахаар төлөвлөж байна. Түүнчлэн вакцинуудыг, тэр дундаа коронавирусний вакциныг үйлдвэрлэх, түгээхэд улс орнууд хамтран ажиллах боломжуудыг судлахыг уулзалтыг зохион байгуулагчид уриалжээ.


Холбоотой мэдээ