Коронавирусээр халдварласан 186 дахь тохиолдол бүртгэгдлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-06-04 11:35:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 3-нд нийт 469 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв.


Тус иргэн Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор тавдугаар сарын 26-нд ирсэн бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 186 боллоо.


ХӨСҮТ-ийн эмчилгээний тасгаас өнөөдөр 21 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байна. Тэдний 9 нь оюутан юм. Эдгэрсэн хүмүүс тавдугаар сарын 13, 14-нд тусгай нислэгээр ирж, 21-22 хоног эмчлүүлжээ.


Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 157 хүн эмчлүүлж байгаагаас  коронавирусээр халдварласан 121 хүн байна.  Эдгэрсэн 65 иргэнээс сувилалд 36, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол ажиглалтаас 13 хүн гарчээ. 


Өчигдөр тандалтын зорилгоор Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдсэн төв эмнэлэг, СХД, ХУД, БГД-ийн нэгдсэн эмнэлгээс санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан 13 хүний сорьц, Орхон, Сэлэнгэд тусгаарлагдсан 235 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 45 жолоочийн шинжилгээний хариу халдваргүй гарчээ.

Холбоотой мэдээ