Он гарсаар зам тээврийн ослын 130 дуудлага бүртгэгджээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-06-04 17:36:34

Төв /МОНЦАМЭ/  2020 он гарсаар аймгийн хэмжээнд зам тээврийн ослын нийт 130 дуудлага бүртгэгдсэн нь  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,7 хувиар буурчээ.


Тодруулбал он гарсаар 26 хэрэг бүртгэгдсэн нь 55,9%, авто замын ослоор нас барсан хүний тоо 10 тохиолдол бүртгэгдсэн нь 52,3%, зам тээврийн осолд  гэмтсэн 45 хүн  бүртгэгдэж 18,1 хувиар тус тус өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан байгаа аж.

Төв аймаг нутаг дэвсгэрийн хувьд онцлогтой. Тухайлбал Улаанбаатар хот руу орж, гарч байгаа замын хөдөлгөөний нэг хэсэг нь Төв аймгийг дамжин өнгөрдөг. Тиймээс Аймгийн цагдаагийн газраас дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажилладаг. Ингэснээр 2020 он гарсаар 21254 зөрчил илрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад -5 хувиар буурсан үзүүлэлтэй байгаа юм. 

Мөн энэ жилийн хувьд Covid-19 цар тахлын үеэр түр хугацаанд авто зам хаах, хязгаарлах, хөл хориог сунгаж байгаа учир хот хоорондын хөдөлгөөн эрс багаснаас үүдэж зам тээврийн осол буурахад нөлөөлсөн гэж үзэж байгаа хэмээн Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдмандах хэллээ.

 

Холбоотой мэдээ