Их Британийн Бизнесийн асуудал эрхэлсэн сайд коронавирусний шинжилгээ өгчээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-06-04 12:16:08

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн Бизнесийн асуудал эрхэлсэн сайд Алок Шарма лхагва гарагт парламентын ордонд байхдаа бие нь тавгүйрхсэний дараа коронавирусний шинжилгээ өгчээ. Засгийн газар биечлэн санал өгөх шаардлагыг хууль тогтоогчдод тавьснаас нэг хоногийн дараа уг явдал болжээ.


Их Британид халдварын улмаас 50 мянга гаруй хүн нас барсан нь Европын орнуудаас нэгдүгээрт бичигдэх өндөр үзүүлэлт юм. Мөн Ерөнхий сайд Борис Жонсон халдвар авсны улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр эрчимт эмчилгээний тасагт гурван өдөр хэвтэн эмчлүүлсэн юм.


Их Британийн хууль тогтоогчид дөрөв, тавдугаар сард зайнаас санал өгөх боломжтой байсан боловч Засгийн газар мягмар гарагт уг шийдвэрийг цуцалсан нь парламентын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тухайн өдөр олон зуун хууль тогтоогч зайнаас харилцах дүрмийг баримтлан санал өгөхөд нэг цагийн хугацаа зарцуулжээ.


А.Шармагийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, өдгөө 52 настай сайд Нийтийн танхимд шинэ хуулийн талаар танилцуулах үеэр бие нь тавгүйрхэж эхэлсэн бөгөөд тэрбээр коронавирусний шинжилгээ өгч, гэртээ өөрийгөө тусгаарласан байна. 

Холбоотой мэдээ