Тайландаас ирж чадахгүй байгаа 160 гаруй иргэний ар гэрийнхэн жагслаа

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2020-06-04 17:12:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайланд улсаас эх орондоо ирж чадахгүй байгаа 160 гаруй иргэний ар гэрийнхэн өнөөдөр ОБЕГ-ын гадна талбайд жагслаа. Тэд шууд нислэг үйлдэн Бангкок хотоос иргэдээ эх орондоо татан авчрахыг хүсэж байгаа аж.


Жагсагчид 160 гаруй иргэний ар гэрийн 60 гаруй хүний гарын үсэг зуруулсан хүсэлтийг ОБЕГ-т хүргүүлэх юм байна. Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх хязгаарлалт тогтоосон өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Тайландаас ирж чадахгүй байгаа иргэд санхүүгийн хувьд хүндэрч, хоол хүнс, амьдрах орон байрны асуудлуудтай тулгарчээ. 


Тэдгээрийн иргэдийн дунд 4 жаахан хүүхэдтэй гэр бүл, тэмцээнд орж байсан тамирчид, дамжин өнгөрөх нислэг үйлдэж байсан иргэд байгаа юм байна.




Жагсагчдын нэг, иргэн Ц.Насанбат ярихдаа "76 настай ээжийн маань тархинд цус харвасан. Тэндээ эмнэлэгт үзүүлж байгаа ч эмнэлгийн төлбөр үнэтэй тул ээжийгээ эмнэлэгт хэвтүүлж чадахгүй байна. Одоо бие нь хүнд байна" гэж хэлэв.

Түүнчлэн иргэн Т.Тогоо "Манай 2-8 настай гурван ач аав, ээжийн хамт Тайланд руу эмчлүүлэхээр явсан юм. Одоо Бангкокт маш халуун байгаа тул хүүхдүүдийн маань бие хүнд байна. Өмнө нь энэ тухайгаа бичсэн өргөдлийг ГХЯ, ОБЕГ-т 2-3  удаа гаргасан" гэж ярилаа.


Ташрамд дурдахад, Тайланд улсад өнөөдрийн байдлаар  коронавирусний халдвартай 3 101 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

 



Б.Мандуул

Холбоотой мэдээ