Сэтгүүлчдийн эсрэг хүч хэрэглэсэн цагдаа нарыг ажлаас нь халжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-04 16:05:28

НЬЮ-ЙОРК. /Associated Press/. Вашингтонд эмх замбараагүй байдал үүсгэсэн олныг тараах үеэр Австралийн сэтгүүлчдийн эсрэг хүч хэрэглэсэн цагдаагийн хоёр ажилтныг ажлаас нь халжээ.


"Associated Press" агентлагийн мэдээлснээр, Австралийн "Channel Seven" телевизэд ажилладаг сурвалжлагч Аманда Брейс, оператор Тим Майерс нар эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд үүссэн мөргөлдөөний үеэр бэртжээ. Эсэргүүцэгчид африк гаралтай америк эр Жорж Флойд нас барсантай холбогдуулан Вашингтон хотын гудамжинд жагсаж байсан аж. 


Олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өнгөрсөн долоо хоногоос АНУ-д өрнөж эхэлсэн. Хэв журам сахиулахад 31 муж улсад Үндэсний гвардын 30 мянга орчим цэргийг дайчилжээ. Түүнчлэн 40 орчим хотод хөл хорио тогтоосон. 


Эсэргүүцлийн үеэр сэтгүүлчдэд харгис хэрцгий хандсан тохиолдлууд гарсантай холбогдуулан Америкийн иргэний эрх чөлөөг хамгаалах холбоо лхагва гарагт Миннесота мужийн эрх баригчдын эсрэг шүүхэд өргөдөл гаргасан байна.


Холбоотой мэдээ