“Starlink” төслийн ээлжит хиймэл дагуулуудыг амжилттай хөөргөжээ

Дэлхийд | Технологи
Jargal.d@montsame.mn
2020-06-04 16:42:14

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “SpaceX” компани дэлхий орчмын хиймэл дагуулын “Starlink” системийнхээ ээлжит 60 бичил хиймэл дагуулыг лхагва гарагт тойрог замд оруулжээ. 


Хиймэл дагуулуудыг Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. “Starlink” нь 500 кг хүртэл жинтэй бичил хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд олноор нь байрлуулах замаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдийг “5G” стандартад нийцсэн, секундэд 1 гигабитийн хурдтай интернэтээр хангах зорилготой төсөл юм.


“SpaceX” компани эхний ээлжинд АНУ-ын өмнөд нутгийн оршин суугчдыг 2020 оны эцэс гэхэд өндөр хурдтай интернэтээр хангахаар төлөвлөжээ. Компанийн шинжээчдийн тооцоолсноор, тойрог замд нийтдээ 11 мянган хиймэл дагуул байрлуулж, ашиглалтад оруулахад 10 тэрбум ам.доллар шаардлагатай байна. “Starlink”-ийн эхний 60 хиймэл дагуулыг 2019 оны тавдугаар сард, харин 11 дүгээр сард хоёр дахь бүлэг аппаратыг хөөргөсөн бол энэ оны нэг, хоёрдугаар сард дөрөв болон тав дахь, гуравдугаар сард зургаа дахь, дөрөвдүгээр сард долоо дахь бүлэг аппаратыг хөөргөжээ.


Холбоотой мэдээ