Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй алба хаагчдыг илүү хөнгөн нөхцөлөөр байранд оруулна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-06-04 18:01:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19”-ийн үед эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцанд оруулах ажлыг зохион байгуулах ажлын багийн гурав дахь хурал өнөөдөр боллоо.


Тодруулбал, өнгөрсөн сарын 20-нд Засгийн газраас эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих үүднээс “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын багийг Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинээр ахлуулан байгуулсан. Тогтоолын хүрээнд 100 тэрбум төгрөгөөр 1500 төрийн албан хаагчийг орон сууцанд оруулах юм.


Ажлын багийн хурлын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эхний ээлжинд нэн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудаа хамруулъя. Эдгээр хүмүүст урам хэрэгтэй. Ингэхдээ тухайн төрийн албан хаагчийн орлогод тулгуурлан иргэд өөрсдөө байр сонгох боломжоор хангах нь чухал. Тиймээс чанартай, ашиглалтад орсон барилгын жагсаалт ил тод, нээлттэй байх ёстой” гэв.


“COVID-19”-ийн голомтод ажиллаж буй төрийн албан хаагчдыг бүртгэж, ашиглалтад орсон орон сууцнуудын талаар цахим үзэсгэлэн зохион байгуулах хэрэгтэйг “Нийслэлийн орон сууцны корпорац”-ын захирал Б.Сүхбаатар хэллээ.


Төрийн албан хаагчид байраа сонгох, материалаа бүрдүүлэх зэрэгт ихээхэн хугацаа зарцуулах тул ажлын багийг шуурхай ажиллахыг Шадар сайд үүрэг болгоод, “Албан хаагчдыг ипотекийн зээлээс илүү хөнгөн нөхцөлөөр орон сууцанд шууд оруулах ажлын бэлтгэлийг хангах нь чухал” хэмээв.

Холбоотой мэдээ