Отчийн манхаг Хэнтийн музейд хадгалагдаж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-06-05 22:18:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Музейн сан хөмрөгт дотроо 20 ширхэг янз бүрийн хэмжээтэй арьсан болон савхин ууттай отчийн манхаг /эмийн уут/ хадгалагдаж байна.

Тэрхүү эмийн уут нь төмөр, зэс, гуулиар хийсэн таван ширхэг тунгийн халбагатай аж. Халбаганы урт нь 14,9 см-ээс 21,9 см. Арьсан уутнуудад төрөл бүрийн эм, тан хийж амсрыг нь сураар хумиж боосон бөгөөд уутны амсарт ясан болон төвөд бичигтэй модон пайзтай. Уг төвөд бичээсүүд нь тухайн уутан дотор байгаа тангийн нэр болов уу гэлтэй. Мөн уутан дотор даавуунд боолттой буудай байдаг бөгөөд түүн дотор төвөд бичигтэй урт нарийн хуйлаастай цаас байдаг. Оточ нар манхаг дотроо эм, тан, тунгийн халбага, төөнүүрийн хэрэгсэл зэрэг эмчилгээнд хэрэглэгдэх бүхий л багаж хэрэгслээ авч явдаг байжээ.

Монголчууд эрс тэс уур амьсгал, жилийн дөрвөн улиралд тааруулан уламжлалт эмчилгээний арга барилгыг зохион одоог хүртэл хэрэглэсээр иржээ. 1261 онд Хубилай Сэцэн хаан Монгол отчийн сургууль байгуулсан тухай мэдээ байдаг нь үүний нэгэн гэрч юм. Монголын анхны Отчийн сургууль буюу Манба дацанг 17-р зууны сүүлчээр Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжалцан байгуулжээ.
"Манба дацан" гэдэг нь Отчийн аймаг гэсэн утгатай төвөд үг юм. Эрт үеэс оточ, маарамба ламыг 8 наснаас нь эхлэн хориод жил бэлтгэж, шалгалт аван эмчлэх эрх олгож, эмийн манхаг олгодог байжээ. Ингэхдээ 6,7 наснаас нь судас барих эрдмийг зааж, 10-аас 20 нас хүртэл нь эрүүл хүний судас бариулж эрүүл судас танин мэддэг болсны дараа нь өвчтэй хүний судас бариулах зэргээр харьцуулан шинжлэх, мөн эмийн ургамлыг таних, эм найруулах, хатгуур төөнүүр хийх эрдэм ухааныг зааж сургаж байжээ. Тэр үед манхаг буюу эмийн уут нь нэг төрлийн диплом болдог байж. Үүнийг хийсэн материалаар нь эмчийн зэрэг дэвийг мэдэж болно. Цол зэрэг нь маарамба, аграмба гээд шат шатаар ахидаг бөгөөд таван ухаанд нэвтэрсэн хүнд "Бандида" цолыг олгодог байжээ.

Холбоотой мэдээ