Мөрөнгийн хүрээний лам нар онлайнаар Богд ламын Чого хурав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-05 21:43:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам хуврагууд өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөрт зориулан сүсэгтэн олондоо Хөвсгөлийн өнгө сайттай хамтран Богд ламын Чого онлайнаар хурлаа.



Энэ үеэр Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн хамба лам Д.Хоролбат “Энэхүү өдөр нь Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой юм.

Өнөө жилийн тухайд монголчууд бид “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан доор бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Бид төдийгүй дэлхийн бурхны шашинт улс орон, ард түмэн буяныг хотол чуулганыг бүрэлдүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас ихэнх улс орон энэ өдрийг баярын хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2500 жилийн тэртээгээс Бурхан багшийн сургаалийн хүн төрөлхтний эв санааны нэгдэл, оюуны хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, эдүгээ ч дэлхийд олон зуун сая хүн ард энэхүү өдрийг тэмдэглэж буй ач холбогдлыг харгалзан үзэж, 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн A/54/L59 тоот тогтоолоор Олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарласан юм.

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн олонхийн саналаар баталж, Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтийн баяр амралтын өдөр болсон. Ингэснээр уг өдрийг ёс суртахуунаа эрхэмлэдэг, өөрийн явдал мөрөө эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгч, сайн үйл бүхнээ дэлгэрүүлж, саар муу бүхнийг тэвчин, асрал энэрлийг үүсгэсэн, нэг нэгнээ хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрласан, буяныг хотлоор хурааж, нүглийг тэвчиж сайн сайхан буянт үйлсийг дэлгэрүүлж байх боломжийг нийт лам хуварга, сүсэгтэн олон бидэнд өгчээ.

Үнэн бишрэлт, чин сүжигт сүсэгтэн олон та бүхэн энэ өдөр бурхан шүтээнд тахил өргөх, эргэл мөргөл хийх, хурал ном цахимаар айлтгуулах, гэмшил наманчлагчаа үйлдэх, өргөл хандив өргөх, арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хураах, нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарыг авч сахих, эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх, гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах, хэрвээ эцэг эх нас нөхөцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх.

Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх, ядуу хоосон, өвчтэй зовлонтой, төөрөлдөн явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх, асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах, бурхан багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургаал номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маань мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох, гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулах зэрэг үйлд шамдаарай.

Мөн аливаа газар зорчихдоо амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж, хувийн ариун цэврээ чанд сахихыг уриалж байна” гэдгийг хэлж байлаа.

Холбоотой мэдээ