“G20”-ийн орнууд коронавирустэй тэмцэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргана

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-06-06 10:16:31

МОСКВА. /TASS/. “Их 20”-ийн бүлэг буюу “G20”-ийн орнууд шинэ коронавирусний цар тахалтай хийж буй тэмцлийн хүрээнд эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргахаар болсон тухайгаа албан ёсны цахим хуудсандаа мэдээлжээ.


““G20” нь  уригдсан орнуудтай хамтран  “COVID-19” цар тахлын эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлэх дэлхийн хүчин чармайлтыг зохицууллаа. Өнөөдрийн байдлаар “G20”-ийн гишүүд болон уригдсан орнууд дэлхийн эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргах үүрэг хүлээлээ” гэж мэдэгдэлд дурдсан байна.


“G20”-иос олгосон бүх санхүүжилтийг коронавирусний халдвар цаашид тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд, тухайлбал оношилгоо, вакцин гарган авах, коронавирустэй өвчтөнүүдийг эмчлэх болон янз бүрийн судалгаанд зарцуулна.


Өмнө нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага COVID-19-тэй тэмцэхэд шаардагдах хөрөнгийн тал хүрэхгүй хувийг цуглуулсан гэж мэдэгдсэн билээ. Цар тахал эрүүл мэндийн тогтолцооны олон сул талыг илрүүлснийг "G20"-ийн эрүүл мэндийн сайд нар дөрөвдүгээр сард хүлээн зөвшөөрсөн юм.



Холбоотой мэдээ