Бээжингийн оршин суугчид 1.7 тэрбум ам.долларын ваучер авна

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-06-06 13:54:10

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын эрх баригчид нийт 12.2 тэрбум юань буюу 1.71 тэрбум орчим ам.долларын ваучерыг оршин суугчдадаа өгөхөөр болсон байна. Энэхүү урамшуулал нь зургадугаар сарын 6-нд Бээжинд эхэлж буй “Хэрэглээний улирал” арга хэмжээний нэг хэсэг бөгөөд коронавирусний цар тахлын улмаас буурсан хэрэглээний зардлыг сэргээхэд чиглэгджээ.


Хэрэглэгчийн эрхийн бичгийг орон нутгийн цагаар 10.00 цагт Хятадын онлайн худалдааны JD.com /"Зиндун"/ платформоор дамжуулан олгож эхэлжээ. Хэрэглэгчид купоноо аялал жуулчлал, боловсрол, соёл, спорт, нийтийн хоол болон бусад салбарт худалдан авалт хийхдээ уламжлалт болон цахим дэлгүүрүүдийн аль алинд нь ашиглаж болно. Бээжингийн удирдлагууд ваучераа зургадугаар сарын 6, 13, 20, 27-нд дөрвөн үе шаттайгаар олгох бөгөөд купон бүр 14 хоногийн хугацаанд хүчинтэй байх аж.


“Хэрэглээний улирал”-ыг нээх ёслол зургадугаар сарын 6-нд Хятадын нийслэл хотын төвд орших Ванфүжин жуулчны гудамжинд боллоо. "Пэнпай" цахим хуудсанд мэдээлж буйгаар, 10 дугаар сар хүртэл үргэлжлэх энэхүү улирлын үеэр офлайн болон онлайн хэлбэрээр 400 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


"Коронавирусний цар тахал Бээжин хотын хэрэглээний салбарт ноцтой цохилт өгсөн" талаар тус хотын Худалдааны газрын дарга Ян Лиган өмнө нь хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.  "Удахгүй болох хэрэглээний сурталчилгааны арга хэмжээ нь цар тахлын дараа худалдааг нэмэгдүүлээд зогсохгүй хэрэглэгчдийн итгэлийг дээшлүүлэхэд  тус дөхөм болно" гэж тэрбээр хэлсэн байна.


БНХАУ-ын Төрийн статистикийн газраас мэдээлснээр, энэ оны нэгээс дөрөвдүгээр сард тус улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны хэмжээ 10.67 их наяд юаньд /мэдээллийг нийтэлж байх үеийн ханшаар 1.5 их наяд ам.доллар/ хүрсэн нь жилийн дунджаас 16.2 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин Бээжинд энэ үзүүлэлт өнгөрсөн оныхтой харьцуулахад 20.4 хувиар буурч, 369.34 тэрбум юань /51.93 тэрбум орчим ам.доллар/ болжээ. 


Үүний зэрэгцээ бараа бүтээгдэхүүний цахим борлуулалтын хэмжээ нэмэгдсэн байна. Хятадад улсын хэмжээнд энэ үзүүлэлт нэгээс дөрөвдүгээр сарын байдлаар 1.7 хувиар өсөж, 3.06 их наяд юань /432 тэрбум ам.доллар/ болсон бол Бээжинд 17.8 хувиар өсөж, 111.6 тэрбум юаньд /15.69 тэрбум ам.доллар/ хүрчээ.


Холбоотой мэдээ