Бразил коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор гуравдугаарт жагсаж эхэллээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-06-06 15:21:10

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /RIA Novosti/. Бразилд коронавирусээр халдварласны улмаас нэг хоногийн дотор 1005 хүн нас барж, нас барсан тохиолдол 35 мянга давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Эрх баригчдынх нь мэдээллээс үзвэл, Бразилд халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 30830-аар нэмэгдсэнээр халдварын нийт тохиолдол 645771 болсон байна. Цар тахал дэгдсэнээс хойш 35026 хүн нас баржээ. Нэг хоногийн өмнө тус улсад коронавирусний халдварын улмаас 1473 хүн нас барж, 30925 хүн шинээр халдвар авсан байна. 


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, Бразил коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор АНУ, Их Британийн дараа гуравдугаарт жагсаж эхэлжээ. Харин халдварын тохиолдлын тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа юм.


Энэ долоо хоногт Бразилд коронавирусний халдвараар өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолддлууд бүртгэгдсэн юм. Мягмар гарагт 1262 нас барсан тохиолдол бүртгэгдсэн бол лхагва гарагт  1349, пүрэв гарагт 1473 хүн нас баржээ.


Холбоотой мэдээ