Төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх “Багийн хөгжлийн төв”-тэй боллоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-06-19 10:23:21

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 534 сая төгрөгөөр Дархан сумын 13, 14,16 дугаар баг 576 м2 талбайтай, хурал, сургалтын танхим бүхий 18 өрөөтэй "Багийн хөгжлийн төв"-тэй болж ашиглалтад хүлээн авлаа. 

Багийн төвийн гадна тохижилтын ажлыг энэ ондоо багтаан орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх аж.  Ирэх онд төв замтай холбосон авто замын ажлыг хийхээр төлөвлөжээ. 
Шинэ байранд багийн албан хаагчдаас гадна БИНХ-ын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн, Цагдаагийн хэсгийн байцаагчид байрлах юм. Дархан сумын 13,14,16 дугаар баг 14000 гаруй иргэнтэй. Тэд ая тухтай орчинд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдсэнд баяртай байлаа. 
Өмнө нь дээрх багууд орон сууцны нэг давхарт үйл ажиллагаагаа явуулж байсан.

2017-2020 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд 15 багт багийн хөгжлийн 8 байрыг 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулсан. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж болох багийн төвийн иргэдэд үзүүлэх ажил, үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж Дархан сумын ЗДТГ-ын дарга О. Хүрэлчулуун онцоллоо.

 

Холбоотой мэдээ