Дархан-Уул аймагт сонгуулийн ирц 25.3 хувьтай үргэлжилж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-06-24 14:35:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өглөө 07:00 цагт эхэлсэн бол аймгийн хэмжээнд 39 хэсгийн хороо санал авах ажиллагааг амжилттай эхлүүллээ.  

Дархан-Уул аймаг буюу УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог нь сонгуулийн гурван мандаттай. Энэхүү гурван мандатын төлөө улс төрийн нам, эвслийн 20, бие даагч таван хүн өрсөлдөж байна. Сонгуулийн ирцийн эхний мэдээллийг 12 цаг 30 минутад аймгийн сонгуулийн хорооноос өгөхөд 25.3 хувьтай байлаа.

Дархан-Уул аймагт нэрсийн жагсаалтад 65074 сонгогч бүртгэгдсэн. Түр хасав тэмдэглэгээтэй 4755 сонгогч байна. Нийслэл болон бусад аймгаас 19 дүгээр тойрогт 107 сонгогч хуулийн хугацаанд шилжин иржээ. 39 хэсгийн хороонд нийт 360 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Тухайлбал: Цагдаа, Тагнуул, Онцгой байдлын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Улсын бүртгэлийн ажилтнууд сонгогчдын нэрсийн жагсаалтыг нягтлан шалгах ажлыг зохион байгуулж байгаа юм. Мөн дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас энэ удаагийн сонгуулийг УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу явуулж буйгаараа онцлогтой. Тухайлбал, сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг нь халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол амны хаалт олгож байна. Мөн санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар зохицуулжээ.

 

Холбоотой мэдээ