“Хүрээ цам-2020”-ын номыг өнөөдрөөс хурж эхэллээ

Монголын мэдээ | Соёл урлаг
192@montsame.mn
2020-06-27 17:12:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин, соёлын наадмын хүрээнд Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр өглөө 07.00 цагт хурал, номын ажиллагаа эхэллээ. 

Жил бүр  уламжлал болгон тэмдэглэдэг “Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин, соёлын наадмын эхний өдөр буюу энэ сарын 26-нд цамын хувцас, балинг адислах хурал болсон бол өнөөдөр 07.00 цагаас дэг журмын дагуу хурал ном хурлаа. 

"COVID-19" цар тахлын хөл хорио тогтоосонтой холбоотойгоор энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам 2020”-ын хүрээнд олон нийтийг хамарсан морь уралдах, сур харвах, бөх барилдах болон соёлын өөр олон үйл ажиллагаа, ёслол зохион байгуулахгүй, олон ниитийг цуглуулахгүй юм. Энэ жилийн “Даншиг наадам- Хүрээ цам 2020” наадам 26-наас эхэлж, 3 өдөр ном хуран, 29-нд Батцагаан дуганы гадна талбайд хүрээ цамын үйл ажиллагаа болох юм.

Хүрээ цамыг мэдээллийн сувгаар шууд дамжуулах аж. Тиймээс нийт сүсэгтэн олон хурал номын үйл ажиллагааг телевизор болон онлайн хэлбэрээр үзэх боломжтойг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс мэдэгдэж байна. 



Холбоотой мэдээ