Цар тахлын улмаас хойшлуулсан Польшийн ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болно

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-06-28 10:56:20

ВАРШАВ. /PAP/. Польшийн төрийн тэргүүний ээлжит сонгууль өнөөдөр болно. Орон нутгийн цагаар яг 07:00 цагт 27 мянга гаруй хэсэг нээгдэх бөгөөд санал хураалт 21:00 цагт дуусна.   


Польшийн иргэд 11 нэр дэвшигчээс сонголтоо хийнэ. Хэрэв төрийн өндөр албан тушаалд нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувиас дээш санал авч чадахгүй бол хоёр долоо хоногийн дараа буюу долдугаар сарын 12-нд хоёр дахь шатны сонгууль болох бөгөөд ард иргэдийнхээ хамгийн их дэмжлэгийг авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөнө.


Шинэ төрлийн коронавирус тархсантай холбогдуулан Польшийн эрх баригчид гуравдугаар сарын дундуур халдварт өвчний дэглэм тогтоожээ. Тус улсад ихэнх хязгаарлалтыг цуцалж, худалдааны төвүүд, зоогийн газрууд, үйлчилгээний салбар болон соёлын байгууламжуудыг нээсэн хэдий ч халдварт өвчний дэглэмийг цуцлаагүй байгаа юм. Одоогийн байдлаар Польшид коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 33714-т хүрч, 1435 хүн нас барсан бол 19 мянга гаруй хүн эдгэрчээ. Коронавирусний халдвар тархсан байгаа хэдий ч сонгуулийн ирц харьцангуй өндөр 60 хувьтай байх төлөвтэй байна.


Нэр дэвшигчид

Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд тэргүүлэх магадлалтай нэр дэвшигч бол Польшийн одоогийн удирдагч Анджей Дуда бөгөөд тэрбээр хоёр дахь удаагаа өрсөлдөж байгаа юм. Консерватив үзэл баримталдаг тэрбээр цар тахал болон түүнээс үүдэлтэй хямралын үед Ерөнхийлөгчөө өөрчлөх цаг нь биш бөгөөд эрх баригч “Хууль ба шударга ёс” намын явуулж буй шинэчлэлийг үргэлжлүүлэх шаардлагатай байгааг сонгогчдод итгүүлж, кампанит ажлаа удирдан явуулжээ. Хамгийн сүүлд олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, сонгогчдын 40 орчим хувь нь түүнд санал өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.


Дудагийн гол өрсөлдөгч нь сөрөг хүчний "Иргэний платформ" намаас нэр дэвшигч, Варшав хотын дарга Рафал Цасковский юм. Тэрбээр өрсөлдөгч болон Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилж, Дудагаас илүү либерал хандлагыг харуулсан байна. Цасковский польшуудыг нэгтгэн, иргэдэд "шинэ эв нэгдэл, тэгш боломж" олгох, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхээ амлажээ.


Ажиглагчдын тэмдэглэж байгаагаар, ерөнхийдөө энэ жилийн сонгуулийн сурталчилгаанд улс төрийн хоёр том хүчин болох Дудаг нэр дэвшүүлсэн “Хууль ба шударга ёс” болон “Иргэний платформ” намын хооронд сүүлийн 15 жилийн турш үргэлжилсэн маргаан нөлөөлсөн байна. Таван жилийн өмнө үүнтэй адил нөхцөл байдалд тухайн үед сөрөг хүчин байсан Дуда ерөнхийлөгчийн сонгуульд ялж, түүний нам засгийн эрхэнд гарчээ.


Төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшсэн бусад есөн нэр дэвшигч бүгд энэ сөргөлдөөнөөс татгалзахыг сонгогчдод уриалсан байна. Гэвч кампанит ажлын дараа тэдний хэнд нь ч ялах магадлал тун бага байгаа нь харагджээ. Нэр дэвшигчдийн чансаанд сэтгүүлч Шимон Холовния, Польшийн тариачны намын тэргүүн Владислав Косиняк-Камыш нар хэсэг хугацаанд Дудагийн дараа хоёрдугаарт орж ирсэн боловч ихэнх санал асуулгын дүнгээс харахад тэд 10 хувиас илүүгүй санал авах төлөвтэй байна.


Холбоотой мэдээ