ЭЕШ маргааш эхэлнэ

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-07-01 11:23:08

 Элсэлтийн еөнхий шалгалт (ЭЕШ)   маргааш (7 дугаар сарын 2) Улаанбаатарын цагаар 10:00 цагт эхэлнэ. Гэхдээ энэ бол шалгалт эхлэх цаг. Харин шалгалтын байранд очих цаг түүнээс өмнө байна гэдгийг мартаж болохгүй гэдгийг анхаараарай.


1.    Долдугаар сарын 2-ны өдөр 10:00 цагаас Монголын түүх, Англи хэл

2.    Долдугаар сарын 3-ны өдөр Хими, Газарзүй, Нийгмийн ухаан

3.    Долдугаар сарын 4-ний өдөр Биологи, Математик

4.    Долдугаар сарын 5-ны өдөр Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалтууд тус тус явагдана.


Шалгуулагчид  бүртгэлийн дугаараа ашиглаад eec.mn сайтын булангаас суудлын хуваариа (6 дугаар сарын 1өмнө)  авсан байх учиртай. Суудлын хувиар аваагүй нөхцөлд шалгалтын байранд нэвтрэх боломжгүй.  Харин шалгалт авах байранд  нэвтрэхэд сурагчдыг угтах багийг хоёр янзаар  зохион байгуулжээ.


Эхнийх нь тухайн шалгуулагчийн халууныг үзэж, гарыг нь ариутган, амны хаалт зүүх шаардлага тавина. Тэд шалгалтын байрыг халдваргүйжүүлэх, бие засах газарт урт дараалал үүсгэхгүйн тулд зохицуулалт хийнэ. Эрүүл мэндийн чиг үүрэг хүлээсэн ийм баг өмнөх жилүүдэд ЭЕШ-аар ажиллаж байгаагүй. Үүнийг шинэ баг хэмээн нэрлэсэн байна. Харин хоёр дахь нь орох, гарах хаалгуудыг хянаж, хүүхдүүдийн биед үзлэг хийж, гар утас, ухаалаг цаг, тооны машин гэх мэт мэдээлэл дамжуулах боломжтой эд зүйлс илэрвэл хураана. Мөн тэдний бичиг баримт бүрэн эсэхийг шалгадаг уламжлалтай.


Гэхдээ нэг танхимд шалгалт өгөх хүүхдүүдийн суух ширээ хоорондын зайг 1.5-2 м байлгах цар тахлын үеийн стандарт баталжээ. Энэ стандартаар нэг ангид 12 сурагч суух боломжтой юм байна. Ийнхүү стандарт өөрчлөгдсөнөөр төлөвлөсөн шалгалтын 50 байрыг 85 болгож нэмнэ. Шалгалтын 85 байрнаас орон нутагт 44, Улаанбаатар хотод 41 нь ногдоно.


Энэ жилийн хувьд ЕБС төгсөж, их, дээд сургуульд дэвшин суралцах хүсэлтэй 30,900 хүүхэд ЭЕШ өгөхөөр Боловсорлын үнэлгээний төв (БҮТ)-д 2 дугаар сарын 10-аас 4 дүгээр сарын 15 ны хооронд бүртгүүлсэн билээ. Түүн дээр урьд жилүүдэд дунд сургуулиа төгссөн ч энэ жил шалгалт өгөх 2900 хүүхэд нэмэгдэнэ. 2020 оны хувьд бас урьд жилүүдээс илүү онцлогтой болно. Дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотой “өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан. Түүнтэй уялдуулаад бүх шатны сургуулийн үйл ажиллагааг түр завсарлуулсан билээ. Цаг үеийн шаардлагаар гарсан дээрх үйл явдал нь ЭЕШ авдаг өмнөх жилүүдийн тогтсон хэвшлийг өөрчиллөө.  ЭЕШ даваа гариг  (7 дугаар сарын 2)-т    өгөх гэж байгаа сурагчдад тус нэмэр болох үүднээс шалгалтын журмын өөрчлөлтийг нийтлэх нь зөв гэж үзлээ.


Шинэ журмаар Нийслэлд байрлах төрийн өмчит их, дээд сургуулиудын босго оноо 480, хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын босго оноо 410 байхаар тогтоожээ. Харин орон нутагт байгаа бүхий л их дээд сургууль, коллежуудын босго оноо 400 байна. Босго оноог дээрх байдлаар тогтоосноор ЭЕШ-д хамрагдсан хүүхдүүдийн 75 хувь нь их, дээд сургуульд орох болзол хангана. Үлдсэн нь тогтоосон босго оноонд хүрэхгүй байх магадлалтай гэх урьдчилсан тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргажээ. ЭЕШ авахаар бэлтгэсэн обьектууд бүрэн камержсэн бөгөөд 24 цаг цагдаагийн хамгаалалтад байна. Ийм учраас шалгалтын сэдэв, хариу задарна гэсэн ямар ч ойлголт байхгүй гэж албаны хүмүүс анхааруулж байна. Шалгалтын байранд ирэхдээ сурагчид: 


I. Иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэх бичиг баримт

II. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

III. Суудлын хуваарь

IV. Бүртгэлийн хуудас авч очиход болно.


Энэ бол шалгалт авах үйл явдлыг эмхэлж цэгцэлсэн журмын хүрээн дэх өөрчлөлтүүд. Шалгалтын даалгаварт 10,11-р ангийн хичээлийн сэдэв, агуулгыг бүтнээр нь хамруулна. Харин “өндөржүүлсэн бэлэн байдал" зарласан буюу сүүлийн хагас жилд 12-р ангид ороогүй хичлээлийн сэдэв агуулгыг хамруулахгүй юм. ЭЕШ-ын энэ жилийн онцлог ийм байна. Гэхдээ таньд гэж хэлэхэд хүүхэд чинь 12 дугаар анги төгөсч ЭЕШ өгөх гэж байгаа бол түүний шалгалтын байранд авч очих бичиг баримтыг давхар шалгаарай. Мөн цаг хугацаа, орон зайг нарийн тооцоорой. Жил бүр шалгуулагчид шалгалтын байранд  бичиг баримтаа бүрэн авч очоогүйгээс болж хасагдах явдал гардаг. Үүнийг мартаж болохгүй. Харин мартвал хүүхэд жил алдана.

Холбоотой мэдээ