“Үндэсний дээд лиг”-ийн нээлтийг SP Falcons болон Дэрэн багууд хийнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-07-01 12:26:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны энэ улирлын “Үндэсний дээд лиг” өнөөдөр /2020.07.01/ эргэн ирж хөлбөмбөг сонирхогчдынхоо хүсэн хүлээсэн тоглолтуудаа үзүүлэхээр болжээ.


МХБХ-ны 2020 оны улирлын гадаа талбайн нээлтийн тоглолтонд SP Falcons болон Дэрэн баг тоглоно. Өнгөрсөн солилцоо наймааны цонхоор Монголын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэ буюу 20 сая төгрөг хүрч SP Falcons багтай нэгдсэн М.Жансерик өөрийн 11 жил хүчин зүтгэсэн Дэрэн багийнхаа эсрэг шинэ багтайгаа тоглоно. Эдүгээ 21 настай М.Жансерик 7 дугаартай талбайд гарна.


SP Falcons баг солилцоонд тун идэвхитэй оролцож Эрчим багаас 2017 оны Алтан бөмбөгийн эзэн М.Төгөлдөрийг болон Дэрэн багаас 2019 оны Алтан бөмбөгийн эзэн Х.Цэнд-Аюуш нарыг эгнээндээ нэгтгэн хүчээ зузаатгасан байна. Энэ 2 багийн тоглолт МХБХ-ны ногоон талбайд 14.00 цагаас эхлэнэ.


Харин 18.00 цагаас Супер цомын тоглолт 2019 оны "Мазала Дээд Лиг"-ийн аварга Улаанбаатар Сити болон 2019 оны "МХБХ-ны Цом"-ын аварга Хаан Хүнс Эрчим багууд халз тулна. Эрчим багийн хувьд 2020 онд "Хаан Хүнс" багтай нэгдэж "Хаан Хүнс Эрчим" нэрийн дор дээд лигт өрсөлдөх бол "Улаанбаатар Сити" баг улирлын эхний тоглолтоо Монголын хөлбөмбөгийн арвин түүхтэй багийн эсрэг хийх юм.


Тус 2 багийг Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал холбож байгаа. Тэр "Улаанбаатар Сити" багтай 2019 оны лигт түрүүлсэн бөгөөд энэ жилээс буурь сэлгэн "Хаан Хүнс Эрчим" багтай нэгджээ.

 

Холбоотой мэдээ