Орон нутгийн замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлнэ

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-01 17:27:48
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-аас орон нутгийн зам дахь ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг ойлгуулах, замын хөдөлгөөний зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2020” нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс 10 сарын 15-ны хооронд зохион байгуулах болсон талаар мэдээлэв. 


Тус байгууллагаас 2017 оноос замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Яараад яах вэ дээ”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг нөлөөллийн аяныг өрнүүлсний үр дүнд зам тээврийн ослоор амиа алдсан хүний тоо 2019 онд 18,8 хувиар буурчээ. 


"Оюу Толгой", "Мобиком" компаниудтай хамтран зохион байгуулж буй ээлжит аяныг "хурд", "мотоцикл", "хүүхэд", “жолооч танд тусалъя” гэх дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд өрнүүлэх аж. 


Тодруулбал, 0-3 насны хүүхдийг хамгаалалтын суудалгүй тээвэрлэсэн, өвөр дээрээ авч явсан тохиолдолд шат дараатай хариуцлага тооцно. Харин “Жолооч танд тусалъя” арга хэмжээний хүрээнд автомашины салхины шил, шил арчигч, гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавина. Түүнчлэн мотоциклтой зорчигчдын техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, улсын дугаар, хамгаалалтын хувцас хэрэгсэл, “А” ангиллын эрхийн үнэмлэхтэй эсэхэд хяналт тавих юм .


ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболд: "2020 оны эхний зургаан сард улсын хэмжээнд 10 мянга орчим зам тээврийн осол бүртгэгдсэн. Ослын улмаас 180 хүн амь насаа алдсанаас 72.2 хувь буюу 130 нь хөдөө орон нутагт зорчиж байжээ. Эдгээр тохиолдлыг бууруулахын тулд цагдаагийн байгууллагаас “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2020” арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Үүнтэй холбоотой тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилгыг сайжруулах үүднээс байнгын үйл ажиллагаатай 62 пост, түүнийг холбосон зам дээр хөдөлгөөнт эргүүл хяналт шалгалт хийнэ. Мөн тээврийн хэрэгслийн арын суудал суух зорчигчийн  аюулгүй байдлыг хангаж, суудлын бүсээ зүүхийг шаардах юм" гэв.

 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Мөнх-Итгэл: "Цагдаагийн байгууллага амралт, аялал зугаалгын үед орон нутгийн замд гарах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авдаг. Ээлжит нөлөөллийн аяныг ЦЕГ, Оюутолгой, Мобиком компанитай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Яараад яах вэ дээ” уриатайгаар зохион байгуулна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс гадна, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авна. Энэ хүрээнд Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн замд хурд хэмжигчтэй иж бүрэн хяналтын камер суурилуулах юм. Энэ удаагийн аянаар жолоочоос гадна зорчигчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх мэдээ мэдээлэл хүргэхийг зорьж байна" гэлээ.


"Оюу Толгой" ХХК-ний Хэвлэл мэдээлэл, байгууллагын харилцаа хариуцсан зөвлөх Э.Лхагва: "Мобиком корпорацЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаад баяртай байна. Манай компанийн хувьд аюулгүй байдал бол нэн тэргүүний үнэт зүйл. Тиймээс бид өөрсдийн үнэт зүйлийг бусадтай хуваалцах үүднээс замын хөдөлгөөний осол гэмтлийг бууруулахаар хамтран ажиллана. “Яараад яах вэ дээ” аяны хүрээнд согтуугаар жолоо барихгүй, хурд хэтрүүлэхгүй байх амлалтыг нэг нэгэндээ өгөхийг уриалж байна" гэв. 


Мобиком коропорацийн Сурталчилгаа олон нийттэй харилцах албаны менежер Э.Ариунсанаа: "Мобиком коропорацийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийг хамарсан, эерэг үр дүн авчирдаг нөлөөллийн  төсөл, хөтөлбөр дээр хамтран ажилладаг. Өнгөрсөн жил энэхүү аян маань ихээхэн үр дүнтэй байсан учир үргэлжлүүлэн хамтран ажиллахаар боллоо. Бид цагдаагийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг мессежээр иргэдэд хүргэнэ" хэмээв.

И.Даваадорж 

Холбоотой мэдээ