Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төсөл хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-07-01 18:25:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай  хамтран “Хөгжлийн  бэрхшлээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг ирэх жилээс Япон улсын 3 сая ам.долларын санхүүжилтээр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх  болжээ.  


Энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар нийгмийн оролцоог хангаж, бие даан амьдрах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэж байна. Төслийн хүрээнд тодорхой ААН, төрийн болон төрийн бус байгууллагыг сонгон авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах, тогтвортой ажил эрхлэх орчныг бүрдүүлэх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

ХНХЯ-ны Хүн ам хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн хэлэхдээ, “Энэхүү загвар төсөлд үндэслэн Монгол Улсад хэрэгжүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгож, үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж ажиллана. Япон улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг баялаг бүтээгч болгон, ажил эрхлүүлэх талаар арвин баялаг туршлагатай. Тиймээс тэдний туршлагыг Монголын төр, ААН, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид төслийн хүрээнд мэдэх  боломжтой. Өмнө нь ЖАЙКА үүнтэй төстэй ажлыг Малайзад зохион явуулж байсан туршлагатай. Тэгэхээр Малайз улсын туршлагаас суралцах боломж бидэнд олдоно” гэв.


Төслийн хүрээнд Япон улсаас мэргэжилтнүүд ирж туслалцаа үзүүлэх, сургалт, семинар явуулахаас гадна манай улсаас холбогдох салбарын мэргэжилтнүүдийг Япон, Малайз улсад сургалтад хамруулахаар төлөвлөжээ.


Б.Содгэрэл

Холбоотой мэдээ