ХАРХОРУМЫН ТҮҮХИЙН ҮРГЭЛЖЛЭЛ

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2020-07-04 19:28:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Төв Ази дахь анхны төрт улсыг нүүдэлчин монголчууд Хүннү гүрний үед байгуулсан түүхтэй. Цаашлаад Монголын эртний хаант улсын Түрэг, Уйгур, Кидан, Нирун хэмээн үргэлжлэх урт нэрс Монголын Эзэнт гүрэн байгуулагдах хүртэл Ази тивийн томоохон нутаг дэвсгэрийг эзлэн оршиж байв. Тэдний бүтээсэн иргэншил нь дэлхийн түүхэнд томоохон өв соёлыг бий болгосон юм. Эдгээрээс Хүннүгийн Лүн, Нируны Муму зэрэг хотууд одоогийн Монгол Улсын Өвөрхангай аймгийн Хархорин сум буюу Орхоны хөндийн сав газар, бүс нутгийн хүрээнд байсан гэх сурвалж бичгийн мэдээ бий. Мөнхүү Уйгурын нийслэл Ордубалык буюу Хар балгас, Түрэгийн хаант улсын хаад ихсийн тахилын онгон, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь Орхоны хөндийд байрлаж байсан нь археологийн судалгаагаар нотлогдсон. Энэ утгаараа Орхоны хөндий нь физик хийгээд соёлын газарзүйн хувь болон археологийн судалгаанд чухал нөлөө үзүүлэх түүхэн ач холбогдолтой газар нутаг болно. Тиймдээ ч дэлхийн өвийн I, III, IV шалгууруудыг хангасан байдаг. Ийнхүү Юнеско 2004 онд Орхоны хөндийг Дэлхийн өвийн жагсаалтанд 1081 дэх байршлаар бүртгэн авчээ.



Энэ удаад эртний хаадын соёл иргэншил, үүх түүхийн өлгий болсон Орхоны хөндийн түүхэн дурсгалт газрууд, тэр дундаа Хархорум хотын соёл иргэншил, түүхэн цаг үед хамаарах өв соёлын байгууламжуудыг судалж, их түүхийн өлгийг өөрийн нүдээр үзэхээр манай агентлагийн сурвалжлах багийнхан Өвөрхангай аймгийн Хархорин сумыг зорьсон юм.


Харин хамгийн чухал нэг асуулт бий. Чингис хаан эзэнт гүрнийхээ нийслэлийг юуны учир Орхоны хөндийд байгуулах болсон бэ? Их эзэн Чингис хааны төрсөн нутаг нь өнөөгийн Монгол Улсын зүүн хязгаарт байх Хэнтий аймгийн Дадал сум. “Нууц товчоон”-д өгүүлэгдэх Дэлүүн болдог, Бурхан Халдун уул тэнд буй. Гэтэл 1347 онд Хархорум хотноо босгосон гэрэлт хөшөөний бичээст “Чингис хаан их ор суусан 15 дугаар он цагаан луу жилд Хорумд суух балгасун оршиглуулсан ажгуу” хэмээн тодорхой өгүүлсэн байдаг. Энэ нь 1220 онд монголчууд Монголын эзэнт гүрний анхны нийслэлийг Орхоны хөндийд байгуулахаар сонгож авсныг гэрчлэх албан ёсны баримт болдог.


Орхоны хөндийд нүүдэлчдийн эртний хот, ихэс дээдсийн тахилын онгон буйг дээр өгүүлсэн. Мөнхүү эртний Түрэгийн хаадын үзэл сургаальд Орхоны хөндийг ариун дагшин Өтүкэн нутаг мөн гэж үзсэн. Эртний хүннү, хөх түрэг, уйгур овог аймгууд байх үед Хангайн нуруун дахь Өтүкэн ойг дэлхийн ертөнцийн төв хэмээн ухаардаг байсан гэх судлаачдын олон арван тэмдэглэл бий. Энэхүү газарт эзэн суусан хүн нь умард хийгээд өмнө, өрнө дорнын олон улс иргэнийг хураан захирах, эсгий туургатан бүх ард түмнийг эрхшээх учиртай байв. Тиймдээ ч Чингис хаан Хархорумыг тус газарт байгуулах зарлиг гаргасан нь эртний нүүдэлчдийн уламжлал болоод дэлхийг захирах үзэл санааны төвийг сахиж, дагасан хэрэг.



Энэ тухай археологийн эрдэмтдийн ном зохиолч, түүхэн бичгүүдэд дурдсан нь бий. Мөнхүү зарим нэг мэдээ мэдээлэл, ганц нэгхэн зураг сэлтийг цахимаас авч үзлээ. Өөр ямар нэгэн мэдээлэлтэй зууралдаж, цаг хороохыг хүссэнгүй. Учир нь зорин очих гэж буй газрын тухай, зорьж очсон хойноо сонсвол илүү амттай, басхүү үр дүнтэй шүү дээ.


Биднийг зорьсон газартаа ирэхэд “Хархорум музей”-н меженер Т.Баяраа, эрдэм шинжилгээний ажилтан, музейн тайлбарлагч, судлаач Ж.Цамбагарав нар угтан авлаа. Хархорин сумын хойд зүгт борооны хар хөх үүлс түнэрлэж, юу юугүй аадар цутгах шинжтэй үзэгдэнэ. Ойрын өдрүүдэд л бороо орж Хархорин сумын нутаг ногоон өнгөө өмсч, зуншлага сайжирч байгаа тухай музейн менежер Т.Баяраа ярив.



“Хархорум музей”-г 2010 онд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан байна. Өдгөө музейн сан хөмрөгт нийт 3128 ширхэг эд өлгийн зүйл бүртгэгдээд байгаагаас 80 гаруй хувийг нь археологийн олдвор эзэлдэг. Эдгээрийн 63 ширхэг нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтанд бүртгэгджээ. Хархорум музей нь байнгын ба түр үзэсгэлэнгийн танхим, гадна үзэсгэлэнгийн талбайтай.


Арав дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Хархорум музейн захирлаар Л.Шинэбат болон стратегийн зорилтуудыг хангах, хүний нөөц, санхүүгийн тогтвортой ажиллагаа, аюулгүй байдал, тохижилт үйлчилгээ зэрэг чиг үүргийн хүрээнд 19 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Харин үзүүллэг, зохион байгуулалтын албанд 6, сан хөмрөгийн бүртгэл мэдээллийн албанд 5 хүн ажилладаг ажээ. Хархорум музейн нь Орхоны хөндийн түүхэн дурсгалт газраас олдсон чухал олдворыг дотоод болон гадаадын жуулчдад сурталчлах, үүх түүх, нүүдэлчдийн соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлж, танин мэдүүлдэг археологийн олдвороор дагнасан онцлогтой өв соёлын томоохон бүтээн байгуулалт юм.


ХАРХОРУМЫН ТҮҮХИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД



Монголчуудын сурвалж бичгийн дотор цөөнгүй мэдээ баримт бий. Энэ нь Эрдэнэ зуу хийдийг анх үүсгэн байгуулахдаа Тахай нэртэй балгасын дотор барьж байгуулсан гэдэг. Тиймээс Эрдэнэ зуу хийдийг цоо шинэ газарт байгуулаагүй гэсэн үг. Жишээ нь 1841 онд зохиосон “Эрдэнийн эрих” хэмээх түүхэн бүтээлд “Хөхөгчин тахиа (1586) гал нохой (1229) жил урьд Өгэдэй хаан суусан ба хойно Тогоонтөмөр хаан сэлбэн барьж суусан Шарга Азарга хэмээх Шанхат уулын ар дахь Тахай нэрт хуучин балгасанд индэр дэлдэж Эрдэнэ зуу хэмээх шүтээн бүтээж...” гэхчилэн өгүүлсэн нь бий.



1586 онд Батмөнх даян хааны ач хөвгүүн Абтай сайн хан Тахай балгасан дахь хуучин байшинд III дугаар Далай ламын дүрийг бүтээж залснаар Эрдэнэ зуу хийд баригдах эхлэл болж өгчөө. Харин дараа жил нь буюу 1586 оны нохой жил сүмийн нурууг босгож, хийдээ барьж гүйцээсэн байна. Яг эндээс л эртний эзэнт гүрний нийслэл Хархорум хотын түүх Эрдэнэ зуу хийдтэй холбогдож, дахин сэргэж мандсан гэж судлаачид дүгнэдэг. Учир нь Хархорум хотын тууриас үлдсэн чулуун ханыг зөөж одоогийн Эрдэнэ зуу хийдийг босгосон нь археологийн олдвороор нотлогдсон. Өдгөө хийдийн хашаан дотор Хархорум тууриас олдсон чулуун хөшөөнүүдийг байрлуулж тавьсан нь бий. Энэ бүгдээс үзэхэд Монголын алтан ургийн хаад ноёд, язгууртнууд Чингис хааны зарлиг болгосон эртний их нийслэл Хархорум хотын цэцэглэн хөгжиж байсан газар орныг ариун нандин нутаг гэдгийг ямагт ухамсарласаар ирсэн нь ажиглагдана.



Өдгөө хийдийг тойрон хүрээлэх 108 суврага нь хааш хаашаа 420 метр байдаг. Эрдэнэ зуу хийд нь бүтэц, зохион байгуулалтаараа Монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан хийд юм. Монголын анхны буддын шашны энэ хийд 1792 онд 62 сүм, 500-аад барилга, 10 мянган ламтай байсан бол өдгөө 18 сүм дугана үлдсэнийг 1944 онд улсын хамгаалалтанд авсан байна. Эрдэнэзуу музей нь баруун, зүүн, гол цогчин дугана, зуугийн сүм, Их суваргуудын чуулбараас бүрдэж байгаа бөгөөд Ламиран дацанд буддын шашны хурал номын газар үйл ажиллагаа явуулдаг.


БУРХАН ШАШНЫ ЦОГТ ИХ СҮМ



1949 онд Хархорум хотын талбайд өргөн хэмжээний малтлагын ажлыг анх хийж гүйцэтгэсэн оросын судлаач С.В.Киселев Эрдэнэ зуу хийдийн баруун өмнөд өнцөгт нь орших тусгай хэрэмт цогцолборын дундах томоохон барилгын үлдэгдлийг хэсэгчилсэн байдлаар судалж, үүнийг Өгэдэй хааны “Түмэн амгалант орд” хэмээн тодорхойлсон юм. Гэвч энэ нь Хархорум хотын бурханы шашны Цогт их сүм буюу “Юань улсыг мандуулах асар”-ын ор үлдэгдэл байв. Үүнийг археологийн малтлагаас илэрсэн олон зуун цац, шүншиг, бурхдын баримал, барилгын чимэглэлүүд нотолдог. Анх “Хархорум музейн” үүдэнд зогсож байхуйд алсаас борооны үүл түнэрлэж байсныг нийтлэлийн эхэн хэсэгт өгүүлснийг уншигч та санаж байгаа болов уу. Биднийг энэхүү Бурхан шашны их сүмийн туурин дээр ирэхэд зөөлөн бороо шивэрч байлаа. Дусал бүр нь сэрүүцүүлэх шидтэй бороон дунд сүмийн туурийг харж зогсоход ариусал мэдрэгдэнэ. Алсад нүргэлэх чимээгүй, анир гүмхэн ахуй энд зонхилно.


Өгэдэй хааны үед суурийг нь тавьж, Мөнх хааны үед барьж дуусгасан 64 баганатай энэхүү аварга сүмийг монголын хаад ихэд анхаарч эрхэмлэн дээдэлж байв. Тэр ч утгаараа 1311 онд хааны сангаас хөрөнгө гарган засварлаж байсан буюу 1342-1346 онд бүр ч өндөр зардал гаргаж дөрвөн жилийн турш сэргээн засварлалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Барилгын хадгалагдаж үлдсэн багана нь дор хаяж 9 метр өндөр бөгөөд дээвэр нь олон давхарлаг асартай байсан гэж бодвол уг барилга бүхэлдээ асар өндөр байсан болж таарна.



Археологийн судалгаагаар сүмийн танхимыг бүрэн хэмжээгээр малтаж гаргасны эцэст 17000 гаруй олдворыг баримтжуулж авсны гуравны хоёроос илүү хувь нь буддын шашны холбогдолтой байв. Мөнхүү хамгийн сүүлд 2014 онд явуулсан судалгаагаар барилгын суурийн дөрвөн булангаас шүншиг олдсон нь энэхүү барилга 1347 оны бичээс дурдсан Буддын шашны Цогт их сүм буюу “Юань улсыг мандуулах асар” болох нь батлагдсан юм.


2015 онд Герман-Монгол хоёр орны хамтарсан санхүүжилтээр буддын шашны их сүмийн археологийн олдоцыг хамгаалахын зэрэгцээ ил үзмэр болгож хүмүүст сурталчлан таниулах үүднээс судалгаан дээр үндэслэн тавцангийн хана ба түүн дээр гарч буух шатыг дахин сэргээн босгожээ. Энэхүү ил үзмэрийн бүтээн байгуулалтын ажлыг мэргэжлийн археологич, архитекторуудын удирдлагаар Монголын “Ордего”, “Түүх соёл” зэрэг компани хийж гүйцэтгэсэн байдаг.  


ЧУЛУУН ЯСТ МЭЛХИЙ



Хархорумын их сүмийн үүдэнд биет соёлын чухал өвд тооцогдох чулуун яст мэлхий бий. Зарлигаар байгуулсан “Юань улсыг мандуулах асар”-ын гэрэлт хөшөөг тус яст мэлхийн нуруун дээр суурилуулж байсан гэж үздэг.


Ерөнхийдөө Хархорум хотын туурийн орчмоос 4 ширхэг чулуун яст мэлхий олджээ. Эдгээрийг саарал өнгийн боржин чулуугаар хийсэн, дунджаар 2.6 метр урт, 1 метр өндөр, 1.2 метр өргөнтэй урлажээ. Харин 10 тонн орчим жинтэй байдаг. Чулуун яст мэлхийнүүд нь бүтээгдсэн он цагийн хувьд харилцан адилгүй байгаа нь тэдгээрийн ур хийц өөр, өөр байгаагаас ажиглагддаг. Эртний нүүдэлчдийн хаад ноёд ордон, сүм дуган зэрэг томоохон барилга байгууламж барьсны хойно түүнд зориулж чулуун яст мэлхийн суурьтай гэрэлт хөшөө босгодог байжээ.


Учир нь дорно дахины ард түмэн яст мэлхийг эртнээс гэрэлт хөшөөний суурь болгон ашиглаж, урт удаан жаргалын бэлгэдэл хэмээн шүтэж байв. Тиймдээ ч Хархорумын 4 талд чулуун яст мэлхий суурьшуулсан нь улс гүрэн удаан тогтнохын үндэс гэж үзсэн хэмээн хөтөч хийж явсан судлаач Ж.Цамбагарав хуучилсан юм.


ХОЁРДУГААР ЧУЛУУН ЯСТ МЭЛХИЙ


Энэхүү чулуун яст мэлхий нь Хархорин сумын баруун хойд дэнж дээр байрладаг.  Тус газрыг мэлхийт дэнж хэмээн нэрлэжээ. Хархорум хотоос 25 км зайд орших Бага Элстэйн ордоос 9.6 тонн хүнд жинтэй энэхүү яст мэлхийг Орхон голын мөсөн дээгүүр гулсуулж ойртуулаад түүний дор шургааг ивэн үхрээр чирж өнхрүүлэн Мэлхийт дэнжийн оройд гаргасан болов уу гэж судлаачид таамагладаг. 


Мөнхүү Монгол Японы археологичид 2006 онд яст мэлхийн хоёр талын бөөрөн дээр сийлсэн хоёр тогосын дүрсийг илрүүлсэн байна. Тиймдээ ч тус газарт Монгол Улсын Төрийн анхны дээд заргач Шихихутагийн "Тогосын ордон" байсан гэж үздэг. Гэвч тус газарт малтлага, судалгааны ажлыг хийгээгүй байгаа учир нь энэ нь бүрэн баримтаар нотлогдоогүй байгаа юм. 







ХАНДЖАМЦ ХАТНЫ СУВАРГА


Буддан шашны их сүмийн барилгын хойд талд Чингис хааны алтан ураг Түшээт хан Гомбодоржийн хатан Далай тайшийн охин Ханджамцын хойдын буянд зориулан босгосон суварга бий. Ханджамц хатан нь анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын ээж юм.



Хатны үр хүүхдүүд болох Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чахундорж, бэйс Сэдшир нар 1673-1674 онд 3мх3 метр дөрвөлжин суурин дээр 4 метр өндөр, вааран дээвэртэй суварга бүтээжээ. Энэхүү суврага нь титэм чимгийн давхар унь, шоо дөрвөлж, лянх, эрдэнийн эрхи зэрэг шүтээн урлалын чимэглэлтэй, уран барилгын сонгодог давхарлагат байгууламж юм. Тиймдээ ч Занабазарын өөрийн урласан чухал биет өвд тооцогдохоос гадна Ханджамц хатны бодит шарилыг дотор нь байрлуулжээ. Мөн суварганы ишинд ногоон дарь эхийг залсан байдаг.


Ханджамц хатан нь монголчуудын аман яриагаар тэдний сэтгэл зүрхэнд эх дагинийн дүрээр мөнхрөн үлджээ.


ХААДЫН ХӨШӨӨ



Бидний дараагийн зочилсон газар бол Хархорин сумын төвөөс баруун урагш 4,5 км зайд орших “Хаадын хөшөө” юм. Тус цогцолборыг монголын уран барималч, зураач Б.Дэнзэн зохиомж загварыг гаргажээ. Харин бүтээн байгуулалтын ажлыг 2003-2004 оны хооронд хийж гүйцэтгэсэн.


Энэхүү цогцолбор нь гурван хэсгээс бүрдэх ба нүүдэлчдийн эртний төрт улсууд болох Хүннү, Түрэг, Монголын эзэнт гүрний мандан бадарч байх үеийн газар нутаг, хил хязгаар, тэдний түүх соёлын дурсгалын онцлогыг урнаар дүрсэлсэн байдаг. Гол хэсэгт нь хавтгай нимгэн чулуугаар өрж байрлуулсан өндөр овоотой. Энэхүү овоо нь нүүдэлчид байгалийг таньж ойлгосон, хайрлаж хамгаалж ирсэн, түүнээс аврал ивээл хүссэн гэх бүхий л түүхэн ухамсар, үе үеийн ойлголтыг шингээсэн бэлгэдэлтэй юм.




Овоог тойруулан өндөрлөж зассан дугуй хэлбэртэй эгц ханан дээгүүр Их монгол улсын төр ёсны бэлгэдэл болох есөн хөлт цагаан тугийг орой дээр нь байрлуулжээ.



Эхний ханан дээр Орхоны хөндий, Хархорумын орчимд  төвлөрөн сууж,  гал голомтоо асаасан монголчуудын эртний өвөг Хүннүгийн газар нутаг хил хязгаарыг харуулсан байна. Хүннү нь хойд зүгт Байгал нуур, өмнө зүгт Хятадын цагаан хэрэм, баруун зүгт Ил тарвагтайн нуруу, Зүүн зүгт Солонгосын хойг хүрсэн өргөн уудам газар нутагтай байв. Хүннүгийн соёлын дурсгалд томоохон байр эзлэх нэгэн зүйл бол мал ба адгуусан амьтдыг дүрслэх явдал байжээ. Тиймдээ ч зургийн хоёр талаар Төв аймгийн Ноён уулын Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн ширмэл ширдэг дээрх буга, сарлаг, дэлтэй боловч сүүл ба биеийн байдал бартай адил, мөн чих толгой нь араатан мэт авч далавчтай амьтдыг хуулбарлан дүрсэлжээ. Ийм уран сайхан дүрслэлтэй ширдэг өөр газраас дахин олдоогүй юм.


Хоёр дахь хэсэгт Түрэгийн хаант улсын газар нутаг хил хязгаарыг харуулсан. Тухайн үед Түрэгүүд хойд зүгтээ Саяаны нуруу, өмнө зүгт Хятадын цагаан хэрэм, баруун зүгт Балхаш нуур , Зүүн зүгт Солонгосын хойг хүрсэн өргөн уудам газар нутагтай байв.



                                                                                                                                                                                                               
Газрын зургийн эргэн тойронд Түрэгийн  үед холбогдох хүн чулуун хөшөөдийг баруун гарт нь сав суулга бариулж, зүүн гараараа бүснээс зүүсэн сэлэм буюу хутганы ишийг атгасан байдалтай дүрсэлжээ. Мөн  морьтон баатар эрсийг уулгалан довтолгож буйгаар  хуяг дуулга, зэр зэвсгийн хамтаар товойлгон дүрсэлсэн байна.



Гурав дахь хананы төв хэсэгт Монголын эзэнт гүрний газар нутаг, хил хязгаарыг   өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэртэй харьцуулан харуулсан байна.  Монголын газар нутаг тухайн үед дэлхийн хуурай газрын гуравны нэгийг эзэлж байв. Энэ үед монголчуудын цэргийн тоо цөөн байсан хэдий ч дэлхийн бусад улс орнуудыг байлдан эзлэхдээ нарийн зохион байгуулалттай байлдааны арга тактик хэрэглэж байсан гэдэг. Түүнийг нь илтгэх монгол дээл хувцастай морьт цэргүүд болон ан ав хийж буй баатруудыг дүрсэлжээ. Ан ав хийх нь тайван цагт монгол цэргийн байлдааны бэлтгэл сургуулилтын нэгээхэн хэсэг нь болдог байв. Орхоны хөндий түүний ойр орчмоор  монголын эртний төрт улсууд  болох Хүннү, Түрэг, болон Монголын эзэнт гүрний анхны нийслэлийн улс төрийн төвүүд төвлөрч байсны дурсгалд зориулж энэхүү цогцолборыг бүтээн байгуулжээ.


ТӨГСГӨЛ


Өдгөө өв соёлын хөгжил, тэдгээрийг хадгалан хамгаалахад зориулж буй үйлдэл нь нийгмийн хөгжилд нөлөөлнө. Учир нь энд чухал үүрэг гүйцэтгэлийн тогтолцоо явагддаг. Хүмүүс өөрсдийн түүхийг танин мэдэх, дадлага туршлага хуримтлуулах, бусдад сурталчлан таниулахын хэрээр соёлын өв хуримтлагдаж цаашид дамжин өвлөгддөг. Яг л энэ жишгээр монголчууд өөрсдийн түүхийг судалж, танин мэдэж, тусгай хамгаалалтанд авснаар дотоод гадаадын жуулчид Хархорум хотын цаг үед хамаарагдах соёлын өв, Эрдэнэ зуу хийд зэрэг Орхоны хөндийн түүхэн дурсгалуудтай танилцах боломжийг олгон үйл ажиллагаагаа явуулж байна.



  

Үүний нэг жишээ нь монголын эртний нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан “Хархорум музей” МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль нь Япон улсын Ойта мужийн Үса хотын түүхийн музейтэй хамтран “Хархорум 800” тусгай үзэсгэлэнг Япон улсад гаргасан юм. Тус үзэсгэлэнд Хархорум хот болон XIII-XIV зууны үед холбогдох хааны Гэрэгэ (дипломат паспорт), араб бичигтэй монголын хаадын зоос, хатдын богтаг малгайн алтан цог чимэглэл, бүсний болор зэрэг археологийн олдвороос гадна Хубилай хааны усан флотын живсэн (Такашимагийн) хүлэг онгоцноос илэрсэн албан тамга, монгол цэргийн дуулга, галт бөмбөг зэрэг дэлгэгдсэн нь олон улсын зочид төлөөлөгчид, жуулчдын анхаарлын ихээр татсан байдаг.


Эртний их нийслэл Хархорум оршиж байсан газар нутагт өдгөө соёлын биет өв болсон олон чухал дурсгалууд ийнхүү Орхоны хөндийд үлджээ. 800 жилийн салхи эртний монгол хаадын өв соёл, түүхэн цаг хугацаанд бүтээсэн соёл иргэншлийг арилгаж дөнгөсөнгүй. Энэхүү нийтлэлд дурдсан дурсгалууд бол Хархорум хотын үргэлжлэл нь болохуйц нүүдэлчин монголчуудын үүх түүхийн салшгүй чухал хэсэг, бидний оюун санааны олз, өв соёлын үнэт зүйлс юм. Нөгөөтэйгүүр түүхийн гэрч, үндэстний дархлаа, хойч үеийнхний бахархал билээ.


Гэрэл зургийг | Н.Батбаяр

Холбоотой мэдээ