АНУ-д өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-07-02 09:28:11

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д лхагва гарагт коронавирусний халдварын 46853 тохиолдол бүртгэгдсэнийг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа. Тус улсад өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.


АНУ-д өмнө нь зургадугаар сарын 26-нд хамгийн олон буюу 45255 тохиолдол шинээр илэрсэн юм. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д 2682270 хүн халдвар авч, 127 мянга гаруй хүн нас баржээ.


Халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбогдуулан олон муж улс эдийн засгийг сэргээх төлөвлөгөөгөө хойшлуулах юм уу зарим хязгаарлалтын арга хэмжээг дахин мөрдөж эхэлсэн байна.


Калифорнид зоогийн газар, музей, кинотеатр, гэр бүлийн энтертайнмент төв зэргийг хаасан бөгөөд энэхүү шийдвэр нь зоогоор үйлчилдэгггүй баар, пабуудад мөн хамааралтай ажээ. Зоогийн газруудын хувьд авч явах үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. Тус муж улсын захирагч Гевин Ньюсомын мэдээлснээр, эдгээр хязгаарлалт дор хаяж гурван долоо хоногийн турш хэрэгжих ажээ.


Калифорни нь шинэ хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тогтоосон цорын ганц муж улс биш бөгөөд Мичиганд мөн үйлчилгээний газруудыг хаажээ. Үүний зэрэгцээ Пенсильвани, Орегон муж улсын захирагчид амны болон нүүрний хаалт зүүхийг оршин суугчдадаа уриалсан байна.


Долдугаар сарын 4-нд буюу энэ долоо хоногийн амралтын өдрөөр АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр тохиож байгаатай холбоотойгоор халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж болзошгүй гэж Бостон хотын Анагаах ухааны төвийн халдвар өвчин судлалын доктор Жошуа Барокас анхааруулжээ.


Лхагва гарагт Аризона, Калифорни, Хойд Каролина, Теннесси, Техас зэрэг таван муж улсад халдварын шинэ тохиолдлын тоо өмнө нь байгаагүйгээр нэмэгджээ. Зарим муж улсад олон нийт бөөнөөр цугларахыг хязгаарлахын тулд цэнгээний газар, далайн эргийн амралтын газрыг хааж, ёслолын буудлагын арга хэмжээнүүдийг цуцалсан байна.


Одоогийн байдлаар 22 муж улс эдийн засгаа сэргээх төлөвлөгөөгөө өөрчлөх юм уу хойшлуулжээ. 

Холбоотой мэдээ