Гарааны бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-07-02 10:51:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Сократус Студио" ХХК гарааны бизнесээ эхлүүлж буй старт-ап компаниудад хөрөнгө оруулж, бизнесийг бойжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. 

Хөтөлбөрийн 5 удаагийн сонгон шалгаруулалт саяхан болж, “Elephant Mom&Baby” брэндийн хэрэглэл урлагч Т.Тэгшжаргал, "Roomies UB" бизнесийн санаачлагч С.Оюунсайхан нар эхлэлийн хөрөнгө оруулалтын гэрээг дээрх компанитай байгуулав. 

"Сократус Студио" ХХК гарааны бизнесийг бойжуулах хурдасгуур хөтөлбөрийг 2 жилийн өмнө эхлүүлж, өнгөрсөн хугацаанд 200 орчим старт-апыг дэмжин, бизнесийн санаа гаргагч 8 хүний бизнест хөрөнгө оруулсныг хөтөлбөрийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог онцлов. Тэрээр, "Бид залуусын бизнесийг дэмжиж буйдаа баяртай байдаг. Бидний бизнес нөөцийн солилцоо юм. Тодруулбал, манай хөтөлбөрт элсэхээр хандаж байгаа бизнес эрхлэгч нар эхлээд хөтөлбөрийн үйл ажиллагааг сайтар судалж таньж мэдсэн байх хэрэгтэй. Бизнесээ эхлүүлж авч явахад юуг нь чадахгүй байна, ямар нөөц дутагдаад байгаа талаар жагсаалтаа гаргаад зорилго зорилтоо тодорхойлох ёстой. Таны зорилгодоо хүрэхэд дутагдаад байгаа тэрхүү нөөц бидэнд байвал хамгийн сайн хамтрагчид болно гэдгийг анхаарах хэрэгтэй" хэмээн онцолж байна. 


Тухайлбал, хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар болоод буй дээр дурдсан 2 бизнесийг онцлоход нэг нь, нялх хүүхдүүдэд зориулсан зөөлөн өлгий, нярайн хөгжлийн гажиг засах хэрэгсэл, ургийн буруу байрлал засдаг “Elephant Mom&Baby” брэндийн хэрэглэл, нөгөөдөх нь "Z" үеийнхний эрмэлзэл, хэрэгцээнд суурилсан "Roomies UB" буюу орон байрны бизнес юм.

"Сократус" хөтөлбөр эхний ээлжинд өөрийн хөрөнгөөр 2 тэрбум гаруй төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө оруулалтыг гарааны бизнесүүдэд оруулахаар болжээ. Мөн 2 гарааны бизнест 500 гаруй сая төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалтыг босгож өгөөд байна. Одоо хөтөлбөрт элсэхээр 3 гарааны бизнес хэлэлцээрийн шатанд явж байна. 


Холбоотой мэдээ