Тайвань Хонконгийн оршин суугчдад тусламж үзүүлэх газар байгуулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-07-02 12:18:39

ТАЙБЭЙ. /NHK/. Тайванийн эрх баригчид төрөл бүрийн зорилгоор Тайвань руу нүүхийг эрмэлзэж буй Хонконгийн оршин суугчдад туслалцаа үзүүлэх газрыг лхагва гарагт нээжээ.


Тайвань-Хонконгийн Үйлчилгээ, харилцан солилцооны газар Тайбэй хотод нээгджээ. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль мягмар гаргаас хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хонконгт өрнөсөн Засгийн газрыг эсэргүүцсэн ажиллагааны эсрэг Хятад улс хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буй үед уг газрыг нээсэн байна.


Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнийн засаг захиргаа Хонконгийн ардчиллын идэвхтнүүдийг дэмжих чиглэлд гаргаж буй хүчин чармайлтын нэгэн хэсэг нь энэ аж. Эрх баригчдын мэдээлснээр, уг газар шаардлагатай тохиолдолд улс төрийн шалтгаанаар нутаг дэвсгэрээсээ дүрвэсэн хонконгчуудад санхүүгийн болон бусад тусламжийг үзүүлэх ажээ.


Мөн Тайваньд суралцах, ажиллах, бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм байна. Эх газрын асуудал хариуцсан зөвлөлийн сайд Чэнь Мин Тун, энэхүү газрыг нээж буй нь Хонконгийн оршин суугчдад үзүүлж буй Тайванийн анхаарал халамжийг илэрхийлэхийн сацуу ардчилал, эрх чөлөөг дэмжиж байгааг харуулж байна гэж мэдэгджээ.


“Үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөвхөн Хонконгийн оршин суугчид төдийгүй дэлхийн бусад орны иргэдийг хамарч байна” гэж Чэнь Мин Тун онцлоод, дэлхий дахин энэ хуульд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ