Бугат бүлгийнхэн эхний ургацаа удахгүй хураан авна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-03 10:08:24

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант суманд бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалж буй “Бугат” бүлгийн үйл ажиллагааг сурвалжиллаа.

Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь “Ажлын байрыг дэмжих” хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд 2014 оноос эхлэн “Бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах” ажлыг хэмжээ зохион байгуулж байна.

Энэ нь тодорхой эрхэлсэн ажилгүй, газар тариалан эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлэх чин хүсэлтэй иргэдийг бүлэг болгон хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлогтой.

Тэгвэл энэ жилийн тухайд “Бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах” ажилд нийт 17 сая төгрөгийн санхүүжилтээр Ховд аймгийн 14 сумын 16 бүлгийн 108 өрхийн гишүүдийг хамруулан ажиллаж байна.

Тухайлбал, Жаргалант суманд гурван бүлэг хүнсний ногоо тарих үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний нэг бол “Бугат” бүлэг юм.


Жаргалант сумын “Бугат” бүлэг нь 5 өрхийн 23 гишүүнтэй


Тус бүлгийнхэн аймгийн төвөөс 6 км зайд орших “Бугат үзүүр” гэх газарт 3 га талбайд  тарвас, амтат гуа, төмс, лууван, байцаа, сонгино зэрэг 12 нэр төрлийн хүнсний ногоо тарьж байна.

Мөн 4х6 хэмжээтэй гурван ширхэг хүлэмжид улаан лооль, өргөст хэмх зэрэг нарийн ногоо тариалж байгаа бөгөөд тун удахгүй 14 хоногийн дараа эхний ургацаа хураан авна гэж “Бугат” бүлгийн гишүүн Н.Оюунчимэг хэллээ.



Түүнчлэн тодорхой хуваарийн дагуу
олуулаа хөдөлмөрлөж байгаа учраас өөрсдийн санал, санаачилгаар янз бүрийн нарийн ногоог туршин үзэж, тарьж ургуулдаг. Хамтын хүчээр хөдөлмөрлөхөд ажлын бүтээмж маш өндөр байна хэмээн “Бугат” бүлгийн гишүүд онцоллоо.

Энэхүү хөтөлбөр, арга хэмжээнд хамрагдсан иргэд эрүүл, шимт хөрсөнд стандартын дагуу тарьж, хураан авсан ургацаа хувийн хэрэгцээнд ашиглахаас гадна зах зээлийн үнэ ханшаар борлуулах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Мөн уг ажил нь хүнсний ногооны салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, ялангуяа хөдөө, орон нутгийн жижиг тариаланчид, эмзэг бүлгийн өрхүүдийн амьжиргааг сайжруулахад чухал ач тустай гэж албаныхан ярив.   


 

Холбоотой мэдээ