“Weibo” Энэтхэгийн Ерөнхий сайдын хаягийг устгажээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-07-02 15:42:44

МОСКВА. /TASS/. "Sina Weibo" нийгмийн сүлжээ БНХАУ дахь Энэтхэгийн ЭСЯ-ны хүсэлтээр тус улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн хаягийг устгасан тухай "Reuters" агентлаг мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, Зүүн Ладакх мужийн хяналтын шугам дээр гарсан цэргийн мөргөлдөөнтэй холбоотойгоор Бээжин, Шинэ-Делигийн харилцаа хурцадсаны улмаас Энэтхэгийн дипломат төлөөлөгчийн газраас ийм хүсэлт тавьсан байна.


Моди 2015 онд Хятадад айлчлах үеэрээ “Sina Weibo” сүлжээнд хаяг нээсэн байна. Үүнээс хойш уг сүлжээнд 100 бичлэг тавигдсан  бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд 200 мянган дагагчтай болжээ.


Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн эрх баригчид "тус улсын хэрэглэгчдийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор" "ТикТок"-ийг оруулаад Хятадын 59 хавсралтыг хаасан юм. "Улсынх нь тусгаар тогтнол, аюулгүй байдалд хортой нөлөө үзүүлсэн" учир тэдгээрийг хаасан гэж Энэтхэгийн Засгийн газар мэдэгдсэн байна.


Зургадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Ладакх холбооны нутаг дэвсгэрийн Галван хөндийд Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болсон билээ. Энэтхэгийн хэвлэлүүдэд тус улсын цэргийн эх сурвалжаас иш татан мэдээлж байснаар, мөргөлдөөний үеэр галт зэвсэг хэрэглээгүй бөгөөд цэргүүд мод, чулуу ашигласан байна. Энэтхэгийн талаас 20 гаруй цэрэг амиа алдаж, 76 цэрэг шархаджээ. Хятадын тал хохирол амсаагүй гэж мэдэгдсэн боловч тус улсын 45 орчим цэрэг шархадсан эсвэл амиа алдсан гэж Энэтхэгийн армийн эх сурвалжийн мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ