АНУ-ын Хонконгод авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг Хятад улс шүүмжлэв

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-07-03 11:43:48

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Худалдааны яам АНУ-ын зүгээс дангаар Хонконгод авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг шүүмжилж эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд Хонконгийн Засгийн газрыг эдийн засгаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Тодруулбал, Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гаофөн өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг батлах асуудал нь цэвэр улсын дотоод асуудал бөгөөд аливаа нэг гадаад улс орон үүнд оролцох эрх байхгүй. АНУ-ын зүгээс хонконгод дангаар авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг эрс эсэргүүцэж байна” гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ “Бид “нэг улс, хоёр систем”-ийг үргэлжлүүлэн, аливаа гадаад улс орноос Хонконгийн үйл хэрэгт оролцохыг эрс эсэргүүцсээр байх болно. Мөн цаашид Хонконгийн Засгийн газрын эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьдралыг сайжруулахад зориулсан бодлого гаргаж дэмжих болно” гэв.

Ташрамд дурдахад, АНУ-ын зүгээс Хонконгийн онцгой статусыг цуцлаж, батлан хамгаалах салбарын тоног төхөөрөмжийн экспортыг хориглож, өндөр технологийн бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт тогтоосон юм.

Холбоотой мэдээ