"Бид хөгжилд оролцъё-Impact” төслийг хэрэгжүүлнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-07-03 16:32:23

Хэнтий /МОНЦАМЭ/ “Хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах нь” буюу “Бид хөгжилд оролцъё-Impact” төслийг Архангай, Хэнтий аймагт хэрэгжүүлж эхэллээ.

Европын холбооны санхүүжилтээр “ЭВИСЭВ Монгол (AVSF Mongolia)” ТББ, ЖЭРЭС (Сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, эв нэгдлийн бүлгэм), Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран хэрэгжүүлж буй уг төслийн зорилго нь эмэгтэйчүүдийг чадавхжуулах, улсын болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, мөн нэмүү өртөг шингэсэн орон нутгийн тогтвортой ноолуур, органик ногоо, тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжихэд оршиж байгаа юм.

Архангай, Хэнтий аймгийн орлогын эх үүсвэрийн 80 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг бөгөөд иргэд нь газар тариалан, мал аж ахуйгаас орлого олохын сацуу байгалийн нѳѳцөө зохистой ашиглах, хамгаалах, уур амьсгалын ѳѳрчлѳлтѳд дасан зохицох замаар үйлдвэрлэлийн тогтолцоогоо боловсронгуй болгож, тогтвортой хөгжих арга замыг эрэлхийлэх шаардлагатай тулгарч байна. 

Монгол Улсад: Малчдын 40Тариаланчдын 75% эмэгтэйчүүд

Харин байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийн замналыг төлөвлөх, хэрэгжүүлэх, сорилтуудыг даван туулж, оновчтой шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн зүтгэл, дуу хоолой асар их нөлөөтэй бас үүрэгтэй. Иймд “Бид хөгжилд оролцъё” төсөл нь эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлж, тогтвортой ноолуур, органик ногоо тариалалтын сайн туршлагуудыг бий болгох замаар үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулж, шийдвэр гаргах үйл явцад оролцдог, орон нутгийнхаа эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг болоход нь дэмжлэг үзүүлэх юм.

Ийнхүү төслийн баг төсөл хэрэгжих сумдаа сонгох хээрийн ажлаа эхлүүлж, мэргэжлийн холбоод, иргэдтэй уулзаж, эмэгтэйчүүд өрхийн санхүүгийн төлөвлөлт, зарцуулалтын менежментэд хэрхэн оролцдог, үйлдвэрлэл эрхлэх хэрэгцээ, шаардлага ямар байгаа талаар нөхцөл байдлын судалгаа хийж байна.




Холбоотой мэдээ