Хоёр суманд ОБГ-ын салбарыг нээнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-07-03 16:10:14

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 331 дүгээр тогтоолоор Баян-Адарга суманд Эрэн хайх аврах салбар, Жаргалтхаан суманд Эрэн хайх аврах бүлгийг шинээр байгуулах шийдвэр гарчээ. Энэ оны 8 дугаар сард үйл ажиллагааг нь бүрэн эхлүүлэхээр болсон байна.

    Хэнтий аймаг нь говь, хангай, тал хээр хосолсон онцлогтой бөгөөд ой, хээрийн түймэр, хүн малын гоц халдварт өвчин, үер усны осол, зуд, авто тээвэр, уул уурхайн осол гэх мэт гамшиг, аюулт үзэгдэл зонхилон тохиолддог юм.

2020 он гарсаар тус аймгийн хэмжээнд ой, хээрийн түймэр 3, объектын гал түймэр 21 удаа, мал амьтны гоц халдварт өвчин 5, цасан болон шороон шуурганд төөрсөн дуудлага 6, гол мөрны усанд цөмөрсөн машин техник 2, уул уурхайн ослын дуудлага 1 удаа тус тус бүртгэгдсэн байна.

Дээрх гамшиг ослын тоо хохирлыг бодитоор бууруулах, ард иргэдэд урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай хүргэх, авран хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр салбар нэгжээ нэмэгдүүлэхээр ийнхүү төлөвлөжээ.

        "Энэхүү хоёр нэгж шинээр байгуулснаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааг ард иргэдэд түргэн шуурхай хүргэхээс гадна тухай орон нутаг болон хөрш зэргэлдээх сумдад тохиолдож болохуйц гамшиг ослын тоо, хохирол бодитой буурна" хэмээн тус газрын дарга, дэд хурандаа Ж.Эрдэнэбат мэдээллээ.


 

Холбоотой мэдээ