Элсэлтийн ерөнхий шалгалт халдвар хамгааллын дэглэмийн дагуу үргэлжилж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-07-03 13:30:48

Дорноговь/МОНЦАМЭ/.Шинэ төрлийн корона вирус “COVID-19”-ын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмжийн дагуу болж байна.

Долдугаар сарын 02-нд түүхийн хичээлээр эхэлсэн элсэлтийн ерөнхий шалгалт физик, хими зэрэг бусад хичээлээр үргэлжилж буй. Дорноговь аймагт ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг энэ жил төгсөж байгаа 460 хүүхэд, дээрээс өмнөх оны төгсөлтийн 114, нийт 574 шалгуулагч шалгалт өгч байна.

Шалгуулагч нар халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2.0 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээнд 12-оос илүүгүй тоогоор сууж шалгалтаа өгч байна. Шалгалтыг Сайншанд сумын ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургуульд зохион байгуулж буй.

Шалгалтын байрны шалган нэвтрэх хэсэгт шалгуулагчдын халууныг хэмжиж, гарын ариутгал хийж, биед үзлэг хийх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагааны дараалал, шалгалтын орчинд тавигдах шаардлага, заавар зөвлөмжийг хүргэн ажиллаж байна гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ