Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-07-03 14:57:17

ПЁНЬЯН. /TASS/. Намын гаргасан хүчин чармайлт төдийгүй ард иргэд эрх баригчдынхаа шийдвэрийг биелүүлсний ачаар улс орон халдварт өвчний аюулыг даван туулсан гэж БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун мэдэгджээ


Тэрбээр ийм мэдэгдлийг Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны өргөтгөсөн хурлын үеэр хийсэн талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв. Уг хурлын үеэр шинэ коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэлэлцсэн байна.


“Дэлхийн даяар эрүүл мэндийн салбарт хямрал үүссэн хэдий ч бид хортой вирусийн халдвар орж ирэхээс бүрэн сэргийлж, тахалт өвчний байдлыг тогтвортой байлгасан нь Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны алсын хараатай удирдлагууд, Төв хорооны бүх тогтоолыг нэг хүн шиг биелүүлсэн иргэдийн ухамсрын өндөр түвшний ачаар хүрсэн ололт амжилт юм гэж дээд удирдагч халдварт өвчний эсрэг зургаан сарын турш явуулсан ажлыг судалсныхаа дараа мэдэгдлээ” гэж мэдээлэлд дурджээ.  


Ким Жөн Ун хурлын үеэр мөн дэлхийн хэмжээнд шинэ коронавирусний халдварын хоёр дахь давалгаа үүссэнтэй холбогдуулан "халдварт өвчинтэй тэмцэх фронтод өчүүхэн төдий ч сэтгэлээ тайвшруулахгүй" сонор сэрэмжтэй байх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.


БНАСАУ-ын эрх баригчдын мэдээлснээр, тус улсад коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм. Нэгдүгээр сарын сүүлчээс хойш тус улсад халдвар тархахаас урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ авч, хилээ хаасны зэрэгцээ сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосон билээ.



 


Холбоотой мэдээ