Хүчтэй борооны улмаас зам эвдэрч, машин урсчээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-07-03 16:14:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сарын 02-ны өдөр Арвайхээрт усархаг бороо орсны улмаас аймгийн төвөөс зүүн тийш 10 орчим километрт А0301 улсын чанартай авто зам усанд эвдэрсэн байна.

Мөн Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай замыг хүчтэй борооны урсгалд сэтэрч, хөвөөг хэсэгчлэн эвджээ. “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК-аас эвдэрсэн замыг засч, мөн замын үзлэг хийж байна.

Мөн тус өдөр Тарагт сумын Их булаг багийн “Их булаг” гэдэг газар аадар бороо орсны улмаас уруйн үерт “Тоёота Приус-20” загварын суудлын автомашин 3 зорчигчтой урссаныг, “Портер” ачааны автомашин 1 зорчигчтойгоор замын хажуу руу орсныг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын алба хаагчид татаж гаргасан байна.

Ойрын өдрүүдэд ч усархаг бороо орж үер буух өндөр магадлалтай байгаа тул өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарч, ажил амьдралаа зохицуулахыг Онцгой байдлын газраас нийт иргэдэд мэдэгдээд байна.

Холбоотой мэдээ