Флоридагийн томоохон тойрогт хөл хорих цаг тогтоожээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-07-03 15:20:11

ТАЛЛАХАССИ. /TASS/. АНУ-ын Флорида муж улсын Майами-Дейд тойргийн эрх баригчид коронавируст халдварын тархалтыг хязгаарлахын тулд баасан гаргаас эхлэн хөл хорионы цаг тогтоожээ.


“Коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах нэмэлт арга хэмжээ авахаар шийдлээ. Оройн 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл хөл хорьж байна” гэж тойргийн тэргүүн Карлос Хименес мэдэгдсэн байна.


Хөл хорих цаг хоол хүнс хүргэх үйлчилгээний ажилчид, гал сөнөөгчид, цагдаа, эмч, сэтгүүлчдэд хамаарахгүй байна. Майами-Дейд тойргийн тэргүүн мөн эрх баригчид казино, кино театр, концертын талбай, боулингийн клубүүдийг нээх хугацааг хойшлуулахаар шийдсэнийг мэдээлжээ.


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, пүрэв гарагт АНУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо 50655-д хүрсэн байна. Флорида болон өөр 37 муж улсад энэ үзүүлэлт сүүлийн хоёр долоо хоногт огцом өсжээ. Эдгээр муж улсын ихэнхэд нь хязгаарлалтын арга хэмжээг цуцлах эсвэл сулруулах үйл явцыг түр зогсоосон байна.


АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 2.73 сая давж, 128700 гаруй хүн нас баржээ. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 10.9 сая хүн халдвар авч, 520 мянга орчим хүн нас барсан гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлжээ


Холбоотой мэдээ