Р.Дагва: Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг наадмын дараа ашиглалтад оруулна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-03 17:09:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны, 8 дахь удаагийн сонгуульд НИТХ-ын 10 төлөөлөгч нэр дэвшсэнээс 3 нь парламентын гишүүн болон сонгогдоод байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, 23 дугаар тойрогт нэр дэвшсэн НИТХ-ын Тэргүүлэгч, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан нар УИХ-ын гишүүн болоод байгаа. 

НИТХ-ын өнөөдөр хуралдсан ээлжит буй XI хуралдаанаар дээрх 3 хүнийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлж, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх, М.Халиунбат нарыг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулах санал орууллаа. АН-ын бүлгээс Тэргүүлэгч Ё.Цацралтуяаг чөлөөлж, төлөөлөгч Ц.Одонтунгалагийг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах санал гаргасныг дэмжлээ. 


Хуралдааны төгсгөлд НИТХ-ын дарга Р.Дагва цаг үеийн талаар үг хэлсэн юм. Тэрээр, УИХ-ын сонгуулиар нийслэлд 7 дүүргийн 451 хэсгийн хороонд төрийн 4484 албан хаагч зүтгэн, Нийслэлийн Сонгуулийн хороо зохион байгуулж ажилласанд төрийн бүх алба хаагчдад талархал илэрхийлээд, "2020 он бол онцлогтой жил. Ирэх 10 дугаар сард Сонгуулийн тухай хуулийн дагуу нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль болно. Дэлхий нийтэд тархаад байгаа "COVID-19"-ийн цар тахлаас үүдэн энэ жил Төрт ёсны уламжлал Улсын баяр наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсонтой холбогдуулан бэлтгэж байна.


Наадмын дараа өвөлжилтийн бэлтгэл ажил ундарч, сайжруулсан шахмал түлшний дахин нэг үйлдвэрийг ашиглалтад оруулна. Ингэснээр нийслэлийн захын дүүргүүдийн утааг бууруулж, төвийн дүүргүүдийн иргэдийн хангамжийг сайжруулан, зөв хэрэглээг дадуулах, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох гээд томоохон ажлуудыг хэрэгжүүлэх учиртай. Эртнээс бэлтгэлээ базааж, цар тахлын дэглэмийн хажуугаар Улаанбаатар хотод тулгамдсан бусад асуудлаа шийдвэрлэхэд төрийн нийт албан хаагчид онцгой анхаарч ажиллахыг дахин сануулья" гэв. 



Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ