Хог хаягдлын менежментийн нэгдсэн загварыг бий болгоно

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-04 00:17:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар “Хот суурин газрын хатуу хог хаягдлын менежмент” төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж байна.


Уг төслийн хүрээнд орон нутагт хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтцийг бий болгох бөгөөд орон нутгийн иргэд, нэн ялангуяа зорилтот бүлгийн өрхүүд, эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, чадавхыг бэхжүүлж, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийг нь бүрдүүлэхийг зорьж байгаа ажээ. Мөн хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах талаарх олон нийтийн мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлж, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагуудад хог хаягдлыг багасгах, дахин боловсруулан ашиглах чиглэлээр шинэлэг арга барил, санаачилгыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Аймгийн захиргааны байгууллагын хатуу хог хаягдлын менежментийн бодлогыг хөгжүүлэх, чадавх, төлөвлөлтийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, улмаар бусад аймгийн төвүүдэд нэвтрүүлэх хог хаягдлын менежментийн нэгдсэн загварыг бий болгох ажээ. 

2019 онд төслийн зөвлөх багийнхан Говь-Алтай аймгийн холбогдох удирдлагуудтай уулзаж төслийн танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагааны талаар санал солилцон Алтай хотын хог хаягдлын бүтцийн судалгааг хийх чиглэлээр ЗДТГ, БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар, Алтай хотын Тохижилт үйлчилгээний газрын удирдлага, алба хаагчдад сургалт хийжээ. Төслийн хүрээнд Алтай хотод төвлөрсөн хогийн цэгийг шинээр байгуулах, хуучин хогийн цэгийг дарж устгах, олон нийтийн оролцоотой нөхөн сэргээлт хийх, иргэдийг хогийг ялгаж, ангилах дадал хэвшилд сургах сургалт зохион байгуулах, сав, шил, цаасыг ялгаж, ангилах хог хадгалах зориулалтын өнгийн сав болон ангилан ялгалт хийсэн савтай хогийг цуглуулах, тээвэрлэх зориулалтын хогны машиныг нийлүүлэх, хогийг шахаж пресслэх байгууламж барьж, дахин боловсруулах тоног төхөөрөмж суурилуулах ажлын эхлүүлээд байгаа тухай тус аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

“Хот суурин газрын хатуу хог хаягдлын менежмент” төсөл нь Говь-Алтай аймгаас гадна Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар аймагт хэрэгжиж байгаа юм.
Холбоотой мэдээ