Ж.Батбаясгалан: Баяр, наадмын талбайд төсвийн хөрөнгөөр дэд бүтцийн ажил хийгээгүй

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-03 19:01:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, төсөвтэй холбоотой шүүмжлэл гарч байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга  Ж.Батбаясгалан тодруулга өгөв. 

Тэрээр хэлэхдээ, “Улсын төсвөөр хувийн компанийн тохижилт хийж байна гэж хардах үндэслэл байхгүй. Баяр наадмын талбайн дэд бүтцийн ажлыг хэн нэгний талд хийж байна гэж хардаж сэрдээд байх юм байхгүй. Бид тодорхой ААН, байгууллагатай яриад, наадам хийх тухайн орчныг сайн судалсан. Ард иргэддээ наадмаа аль болох гэрээсээ үзэх боломжийг олгох үүднээс хотоос 90 км-ын дотор наадам хийхэд хамгийн бололцоотой газрыг судалсны үндсэн дээр, ялангуяа, манай аялал жуулчлалын байгууллагаас санал болгосны дагуу сонгосон. Тэнд бид төсвийн хөрөнгөөр ямар нэг дэд бүтцийн ажил хийгээгүй” гэв. 

Мөн энэ жилийн наадмын төсөв 3 тэрбум төгрөгт багтаж байгаа гэж албаны эх сурвалж мэдээлсэн. Энэ талаар тэрээр хэлэхдээ, “Нэгдүгээрт, наадмын төрлүүд, тэмцээнд оролцож буй хүмүүс, мөн шууд дамжуулалтыг хийх хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд, зохион байгуулах хороонд ажиллаж байгаа хүмүүсийг халдвараас хамгаалах, тухайн орчин нөхцөлд тааруулсан тохижилтын ажлын зардал гарч байгаа. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос зардлыг аль болох хэмнэх үүрэг өгсний дагуу бид илүү зардал гаргахгүй байх, ил тод байлгах тал дээр ажиллаж байгаа” гэв. 

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ