Ажиглалтад 105 жирэмсэн эмэгтэй байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-06 13:35:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, шинэ коронавирусний халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдсэнээс 11 сая 337 мянган хүн өвчилж, 536 мянган хүн нас баржээ.  Харин 6.5 сая хүн эдгэрч,  4.4 сая хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар  165 мянган хүн эдгэрсэн бол 3 000 гаруй хүн нас энджээ. Үүнийг өмнөх өдөртэй харьцуулбал өвчлөл 20 000-аар нэмэгдэж, нас баралт хэвийн түвшинд байгаа талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

Өнгөрсөн 24 цагт АНУ-д шинээр 52 мянга, Бразилд 26 мянган хүн халдварлажээ. Энэтхэгт коронавирусний халдвар нэгдүгээр сард бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөр буюу 23 мянган хүн шинээр халдварласан байна.

ОХУ-д 6 736 хүн шинээр халдварлаж, 134  хүн нас баржээ. Манай орны хувьд ажиглалтад өчигдөр 135 хүн шинээр орж, 89 хүн гэрийн тусгаарлалтад шилжжээ. Одоогоор ажиглалтад 2 763 хүн байгаагаас 1-5 насны 169 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 105, архаг хууч өвчтэй 356 хүн байна. Эдгээр иргэдэд 45 их эмч, 81 резидент эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Гэрийн ажиглалтад 513 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт тусгай онгоцоор ирсэн 86 иргэнээс архаг хууч өвчтэй 55 хүн байгаа бол гурван хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эдгээр иргэдэд 14 их эмч, 42 асрагч, сувилагч эмнэлийн тусламж үзүүлж байна.  

Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын төв эмнэлгийн 13 эмч 7 000 зорчигчид тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Мөн шуурхай 119 аппликэйшнд БНСУ, АНУ-аас Монгол Улсын 3 иргэн утасдаж коронавирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авчээ.  

 

Б.Содгэрэл

Холбоотой мэдээ