Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-07-06 14:37:46

ХОНКОНГ /СЯНГАН/. /ТASS/. Хонконгт дотооддоо коронавирусний халдвар авсан тохиолдол сүүлийн гурван долоо хоногийн дараа дахин бүртгэгдлээ гэж “South China Morning Post” сонинд тус хотын эрүүл мэндийн газрын мэдээллээс иш татан уламжилжээ.


Тус сонинд мэдээлснээр, зоогийн газарт ажилладаг 59 настай эрэгтэй болон хувийн эмнэлгийн ажилтан болох 41 настай эмэгтэйгээс халдвар илэрсэн байна. Тэд хоёул сүүлийн үед Хонконгоос гадагш гараагүй аж. “Хэрэв дотооддоо халдварласан тохиолдол дахин нэмэгдэх хандлага ажиглагдвал Засгийн газар хүн хоорондын зай барих арга хэмжээг чангатгаж магадгүй” гэж Хонконгийн эрүүл мэндийн газрын төлөөлөгч Чуан Шук-кван хэлсэн байна.


Үүнээс гадна, өнгөрсөн хоногт гаднаас зөөвөрлөгдөн ирсэн найман тохиолдол бүртгэгдсэн нь Энэтхэг, Пакистан, Индонезоос ирсэн хүмүүсээс илэрчээ.


Хонконгт коронавирусний халдварын нийтдээ 1269 тохиолдол илэрч, 1156 хүн эдгэрсэн бол долоон хүн нас баржээ. Халдварын тархалтын байдал сайжирсантай холбогдуулан Хонконгийн сургуулиуд, наран шарлагын газар, баар, шөнийн цэнгээний газрууд, музей болон олон нийтийн бусад газрыг тавдугаар сарын сүүлчээр нээсэн юм.


Холбоотой мэдээ