Ховд аймгийн наадамд 128 бөх барилдана

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-06 17:11:50

Ховд /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Ховд аймгийн Засаг даргын 2020 оны А|346 дугаар захирамж гарчээ. 

Үүнд, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Ховд аймагт долоодугаар сарын 10, 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Аймгийн баяр наадам зохион байгуулах ажлын баг хуралдаж, баярын хөтөлбөрт тусгах үйл ажиллагаа болон зарим бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын, шагайн харваа зэргийг нээлттэй байдлаар зохион байгуулахаар бэлтгэж байна.

Мөн шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх журам, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллах юм.

Энэ жилийн тухайд Ховд аймагт 128 бөх барилдах аж. Мөн нийтийн хоол |хуушуур|-ны үйлчилгээг нээлттэй явуулах боломжтой бөгөөд мэргэжлийн байгууллагууд холбогдох журам, стандартын дагуу хяналт тавьж ажиллана гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Холбоотой мэдээ