Байнгын хорооны харьяа дэд хороодын бүрэлдэхүүнийг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-06 20:09:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо ажиллахаар заасан.


Хууль зааснаар дэд хороо нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй. Үүний зэрэгцээ Ёс зүйн дэд хороо гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг; Нутгийн удирдлагын дэд хороо нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын байгууллагын төлөвшил, хөгжил, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг; Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо нь сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хариуцах чиг үүрэгтэй.


Ингээд Ёс зүйн дэд хороог УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн нарын, Нутгийн удирдлагын дэд хороог УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь, Г.Ганболд, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нарын, Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус тус байгуулж ажиллуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Холбоотой мэдээ