Алтанбулагийн боомтоор орж ирсэн таван хүнд коронавирус илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-07 11:59:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд дөрвөн лабораторид өчигдөр нийт 757 сорьцод шинжилгээ хийхэд таван хүнд коронавирус илэрчээ.


Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Халдвартай иргэд  Алтанбулагийн боомтоор орж ирсэн, 20-34 насны иргэд юм.

Мөн коронавирусээр халдварласан зургаан хүн өнөөдөр эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байна. Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор 6 дугаар сарын 18-нд ирсэн хоёр, Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор 6 дугаар сарын 11-нд ирсэн дөрвөн хүн эдгэрчээ.


Ингэснээр, манай улсад коронавируст халдварын батлагдсан 225 тохиолдол бүртгэгдэж 194 хүн эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-д 31 хүн эмчлүүлж байна.

Өчигдөр хийсэн шинжилгээг задалбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 эмч, ажилтнаас коронавирус илрээгүй байна. Мөн тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй 51 резидент эмчийн шинжилгээ сөрөг гарчээ. Ажиглах байранд тусгаарлагдаж буй, 6 дугаар сарын 17, 18-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 533 зорчигчийн гурав дахь давтан шинжилгээнд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 15 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж буй 148 хүний шинжилгээний хариу халдваргүй гарчээ. 

Холбоотой мэдээ